Германы Зэвсэгт хүчний ерөнхий байцаагч, генерал Карстен Бройер Германы олон улсын мэдээллийн DW агентлагт Украин дахь дайны нөхцөл байдал, цаашдын өрнөл, мөн Европын аюулгүй байдлын талаар өгчээ.
Сүүлийн үед өрнөдийн зарим шинжээчид Орос-Украины дайнд эргэлтийн цэг ойртож буй талаар дүгнэж байгаа ч генерал Бройер ийм үнэлгээ хийхэд хараахан эрт байна гэж үзэж буй аж.
Тэрбээр “Украины цэргүүдийн эр зориг, ард түмний тэсвэр хатуужил гайхал төрүүлж байна. Сүүлийн саруудад Украинд бий болсон технологийн шинэчлэлүүд тулалдааны талбарт бодит нөлөө үзүүлж эхэлсэн. Гэвч дайны явцад эргэлт гарсан эсэхийг эцэслэн дүгнэхэд одоогийн байдлаар эрт байна” хэмээн онцолжээ.
Түүний үзэж байгаагаар, жинхэнэ эргэлт гэдэг нь Орос улс дайныг зогсоох шийдвэр гаргах үе байх бөгөөд ийм боломж Москвагийн хувьд өдөр бүр нээлттэй хэвээр байгаа аж.
Генерал Бройер мөн Оросын зэвсэгт хүчин өрнөдийн орнууд руу чиглэсэн байдлаар хүчээ зузаатгаж буйг анхааруулсан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд хийсэн дүн шинжилгээнүүд зөв байсныг өнөөгийн нөхцөл байдал баталж байна гэж үзжээ.
Тэр “Оросын зэвсэгт хүчин баруун чиглэлд байрлалаа бэхжүүлж, зэвсэглэл болон бие бүрэлдэхүүний тоогоо нэмэгдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийг нэгтгэн үзвэл 2029 он гэхэд Орос улс НАТО-гийн орнуудын эсрэг томоохон хэмжээний халдлага үйлдэх боломж бүрдэж болзошгүй гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрч байна” гэж тэр хэлсэн байна.
Гэвч тэрбээр ийм халдлага заавал болно гэсэн үг биш, цэргийн хүний хувьд хамгийн муу хувилбарт бэлтгэх нь үүрэг болохыг онцолсон байна.
Украины нийслэл Киев хотод дахин халдах эрсдэлийн талаар асуухад генерал Бройер Оросын удирдлагаас гаргаж буй аливаа сүрдүүлгийг нухацтай авч үзэх шаардлагатай гэж хариулжээ. Түүний хэлснээр, Москвагийн үйл ажиллагааг урьдчилан таамаглахад хүндрэлтэй бөгөөд сүүлийн долоо хоногуудад ажиглагдсан үйл явдлууд өөрсдөө олон зүйлийг харуулж байна.
Мөн Украин улс нэмэлт Patriot пуужингийн систем хүссэнтэй холбоотой асуудлаар тэрбээр "Германы тал хүсэлт бүрийг НАТО болон холбоотнуудтайгаа хамтран судалж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд тодорхой шийдвэр гарах боломжтой" гэж мэдэгдэв.
Түүнчлэн Германы армийнхан Украины зэвсэгт хүчний туршлагаас суралцаж, тэр дундаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах тактик болон орчин үеийн байлдааны арга барилыг сургалтдаа нэвтрүүлж эхэлсэн талаар дурдсан байна.
Эх сурвалж: DW