АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ болон Иран улс дайныг зогсоох талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурах үлдээд байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Бид Ирантай дайныг зогсоох талаар маш сайн тохиролцоонд саяхан хүрлээ. Одоо баримт бичгүүдийг эцэслэн боловсруулах ажил үлдсэн. Үүнийг ойрын хэдэн өдрийн дотор дуусгах ёстой" гэж хэлсэн байна.

Трамп мөн хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаа энэ амралтын өдрүүдэд болох боломжтой талаар мэдэгджээ. Тэр "Бид тохиролцоонд гарын үсэг зурмагц Ормузын хоолой албан ёсоор нээгдэнэ. Энэ нь тун удахгүй, магадгүй энэ амралтын өдрүүдэд Европт болох байх. Би өөрөө тэнд байхгүй, харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс оролцоно" гэж хэлсэн байна. 

Ирантай хийх хэлэлцээрийн үндсэн нөхцөлүүдийг зөвшилцжээ

Трамп өмнө нь Ирантай холбоотой хэлэлцээрийн хэд хэдэн эцсийн заалтыг хэлэлцээнд оролцсон бүх тал зөвшөөрсөн талаар мэдэгджээ. Гэхдээ хэлэлцээр албан ёсоор байгуулагдах хүртэл АНУ Ираны эсрэг далайн бүслэлтийн арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх аж.

Трамп өөрийн Truth Social хуудастаа "Эцсийн заалтуудыг зарчмын хувьд ч, нарийвчилсан агуулгын хувьд ч хэлэлцээнд оролцсон бүх тал зөвшөөрсөн" хэмээн бичжээ.

Түүний мэдээлснээр, уг зөвшилцөлд АНУ, Израил, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Турк, Пакистан, Бахрейн, Кувейт, Йордан, Египет зэрэг орнууд болон бусад оролцогч талууд багтсан аж.

Мөн тэрбээр "Хэлэлцээр бүрэн байгуулагдаж дуусах хүртэл далайн бүслэлт бүрэн хүчин төгөлдөр хэвээр байна. Гарын үсэг зурах цаг, газрыг удахгүй зарлана" гэж мэдэгдсэн байна.

Иранд өгөхөөр төлөвлөсөн цохилтуудыг цуцалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-аас Иранд зургадугаар сарын 11-нд өгөхөөр төлөвлөж байсан цэрэг, агаарын цохилтуудыг цуцалсан тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр өөрийн Truth Social хуудаст "Би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өнөө орой хийхээр төлөвлөсөн Ираны эсрэг цохилт, бөмбөгдөлтийг цуцаллаа" хэмээн бичсэн аж.

Мөн Трампын хэлснээр, Вашингтон болон Тегераны хоорондын яриа хэлэлцээ "Ираны дээд удирдлагын түвшинд хүрсэн" бөгөөд хоёр талын харилцаанд ахиц гарсан талаар мэдээлсэн аж.

Эх сурвалж: TASS