ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу нөлөө бүхий улс төрч хэвээр байгаа бөгөөд шоронд хоригдсон өөрийн хуучин орлогчдын хувь заяаг давтахыг хүсэхгүй байгаа тул Ерөнхийлөгч Владимир Путины засаглалд заналхийлэл учруулж болзошгүй гэж үзэж байна. Ийм үнэлгээг “Важные истории” хэвлэлийн үүсгэн байгуулагч Роман Анин тавдугаар сарын 4-ний даваа гарагт DW-д өгсөн тайлбартаа илэрхийлжээ.

Түүнээс өмнө тухайн өдөр түүний хэвлэл, мөн CNN телевиз, Financial Times сонин Европын Холбооны нэг улсын тагнуулын тайланд үндэслэсэн мөрдөн шалгах нийтлэл гаргасан байна. Уг мэдээллээр Кремльд улс төрийн элитийн төлөөлөгчид, тэр дундаа нисгэгчгүй төхөөрөмж (дрон) ашиглан Путины эсрэг хуйвалдаан, халдлага зохион байгуулж болзошгүй гэх болгоомжлол нэмэгдэж байгаа аж.

2024 оны тавдагуур сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж буй Шойгуг “болзошгүй тогтворгүйжүүлэгч хүчин зүйл” гэж уг тайланд дурджээ.

Мөн тайланд хүчний байгууллагуудын хоорондын зөрчил нэмэгдэж байгааг тэмдэглэж, тэд Украины тусгай албадын халдлагыг сөрөн хамгаалахад гарсан алдаа дутагдлыг бие биедээ тохож байгаа гэжээ. Анины үнэлснээр, энэ нь Орос улсад “хүчний байгууллагуудын хоорондын зөрчил хурцдаж”, “кланууд (ашиг сонирхлын бүлэг) ын тэмцэл” эхэлснийг харуулж буй аж.

Анин: Шойгу бол нөлөө бүхий кланы удирдагч

Анин “Оросын эрх мэдэл кланын зарчмаар зохион байгуулагдсан. Ийм төрлийн дарангуйллын үед удирдагч сулрах үед клануудын тэмцэл улам ширүүсдэг” гэж хэлжээ. Тэрбээр мөрдөн шалгах материалд Шойгуг “болзошгүй хунтын удирдагч” гэж биш, харин “тогтворгүйжүүлэгч хүчин зүйл” гэж нэрлэснийг онцолсон байна.

Анины хэлснээр, Шойгу олон жилийн турш Воробьёв, Тимченко зэрэг хүмүүсийг багтаасан маш нөлөө бүхий кланыг удирдаж иржээ. Батлан хамгаалахын сайд болон Онцгой байдлын яамны дарга байх хугацаандаа тэр олон хүнийг өөрийн нөлөөнд нэгтгэж, авлигын холбоогоор холбож чадсан байна. Энэ нь үндсэндээ мафийн “омертa” (чимээгүй байх тангараг)-тай төстэй бүтэц гэж Анин тайлбарлажээ.

ОХУ-д “кланын дайн” гарч болзошгүй

Сүүлийн үед Шойгугийн Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан хэд хэдэн орлогч, түүний ойрын хүмүүс баривчлагдсаныг Анин дурджээ. Үүнээс болж экс сайд өөрийн хувь заяаг тэдэнтэй адилтган бодож, үүнээс хэрхэн зайлсхийх талаар бодож байгаа гэж тэр үзэж байна.

Анины үнэлснээр, нийтлэгдсэн мэдээллүүд нь Путиныг клануудын хооронд “шүүгч” үүрэг гүйцэтгэгчийн хувьд сулруулж буйг харуулж байгаа аж. Тэрбээр ирээдүйд Орос улсад “кланын дайн” өрнөх магадлал өндөр гэж таамаглажээ. Сэтгүүлч “Энэ тэмцэлд хэн ялахыг урьдчилан хэлэхэд бэрх. Учир нь, оролцогчид олон бөгөөд тус бүр өөр өөрийн давуу талтай” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: DW