Украины Сумы мужийн Конотоп хот Оросын цохилтын улмаас цахилгаан эрчим хүч болон усан хангамжгүй болсон талаар хотын дарга Артем Семенихин пүрэв гараг (зургаадугаар сарын 11)-т Telegram хуудсаараа мэдээлэв.

Түүний мэдээлснээр, уг довтолгооны улмаас 1984 онд төрсөн нэг эмэгтэй амиа алдаж, дөрвөн хүн хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй шархадсан байна. Семенихин “Бүгд өргөн хүрээтэй түлэгдэлттэй. Гар, хөл, толгой болон биеийн ихэнх хэсэгт түлэгдэл үүссэн. Нэг эрэгтэйн биеийн 55 хувь түлэгдсэн” гэж бичжээ. Мөн тэрбээр Конотоп хотод усан хангамжийг хуваарийн дагуу нийлүүлж, иргэддээ ус нөөцлөхийг анхааруулсан байна.

Сумы мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Григоровын мэдээлснээр, Зноб-Новгородын нийгэмлэгт Оросын дрон орон сууцны байрыг онож, гал гарсан байна. Энэхүү халдлагын улмаас 67 настай эмэгтэй амиа алджээ.

Түүний хэлснээр, тухайн байранд хоёр бага насны хүүхэд байсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэж шинжилгээ хийлгэхэд уУрьдчилсан мэдээллээр хүүхдүүд хүнд гэмтэл аваагүй байна. Мөн Telegram суваг “Пепел-Курск”-ийн мэдээлснээр, Сумы мужийн өөр хэд хэдэн сууринд дроны довтолгооны улмаас олон хүн шархаджээ.

Белополье сууринд 39, 66, 70 настай гурван эмэгтэй шархадсан, Середино-Буда сууринд автомашинд оногдсоны улмаас 60 настай эрэгтэй гэмтсэн, Садов сууринд 63 настай эмэгтэй шархадсан, Шостка сууринд 32 настай эрэгтэй мөн гэмтэл авчээ.