2026 оны зургадугаар сарын 10-ны лхагва гаргийн орой АНУ-ын Зэвсэгт хүчин Иранд байрлах байнууд руу дахин цохилт өгчээ. АНУ-ын Төв командлал (CENTCOM) олон нийтийн сүлжээ X-д мэдээлснээр, эдгээр цохилтууд нь “Ираны үргэлжилж буй үндэслэлгүй түрэмгийллийн хариу арга хэмжээ” аж.
Командлалын мэдээлснээр, ажиллагаа АНУ-ын Зүүн эргийн цагаар 17:15-д (Берлиний цагаар 23:15) эхэлсэн байна. Үүнээс өмнө Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Иранд шинэ цохилтууд хийхээ мэдэгдсэн бол АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мөн Тегеранд дахин цохилт өгөхийг анхааруулж, "Энэ ажиллагааны зорилго нь дайн өрнүүлэх биш, харин хэлэлцээр хийх нөхцөл бүрдүүлэх" гэж мэдэгджээ.
АНУ-ын цохилтын гол бай нь дахин Ираны өмнөд хэсэг байсан аж. IRNA агентлаг Минаб болон Сирик хот орчимд дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн бол Reuters агентлаг "Бендер-Аббас хотын ойролцоох нисэх онгоцны буудал, цэргийн баазын орчим болон Горган боомтод мөн дэлбэрэлт сонсогдсон" гэж мэдээлжээ.
Иран хариу цохилт өгч, Персийн булан болон Иордан дахь АНУ-ын цэргийн баазууд руу баллистик пуужин ашиглан довтолсон гэж мэдээлсэн байна. Кувейтийн армийн мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах системүүд ажиллаж, Бахрейнд агаарын түгшүүрийн дохио дахин идэвхжжээ.
Үүний зэрэгцээ Ираны тал Ормузын хоолойг бүрэн хааснаа зарлаж, уг хоолойгоор нэвтрэх аливаа хөлөг онгоцыг дайрна гэж мэдэгджээ. Энэ шийдвэрээ АНУ-ын цохилтын дараах аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна. Мөн Ираны төрийн телевизийн мэдээлснээр, цэргийнхэн хоёр хөлөг онгоц руу гал нээжээ.
Гэвч АНУ-ын Төв командлал Ормузын хоолой бүрэн хаагдсан гэх мэдээллийг үгүйсгэж, худалдааны хөлөг онгоцууд хэвийн зорчиж байгаа талаар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW