Ираны Mehr агентлагийн мэдээлснээр, Иран болон АНУ-ын зэвсэгт хүчнүүд Персийн булан орчимд тэнгисийн тулалдаан хийж байгаа бөгөөд Ираны Кешм, Хенгам арлуудад дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
Тус агентлагийн мэдээлэлд "Иран болон Америкийн зэвсэгт хүчнүүдийн хооронд тэнгист мөргөлдөөн үргэлжилж байна" гэж дурдсан байна. Мөн Персийн буланд байрлах Хенгам болон Кешм арлуудад дэлбэрэлт болсон талаар мэдээлэв.
Өмнө нь АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Иранд цохилт өгсөн тухай мэдэгджээ. Axios-ийн сэтгүүлч Барак Равидын мэдээлснээр, АНУ-ын арми Исламын Бүгд Найрамдах Иран Улсын өмнөд хэсэгт байрлах цэргийн объектуудыг онилон довтолсон байна.
Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр, Тегераны баруун хэсэг болон Бендер-Аббас, Минаб, Мохр, Сирик хотуудад агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллажээ.
Үүний өмнөх орой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет АНУ Иранд шөнийн турш эрчимтэй цохилт өгөхөө мэдэгдсэн. Харин Трамп Ираныг хэлэлцээг удаашруулж байна хэмээн буруутгаж, тус улсын стратегийн чухал дэд бүтцэд өргөн хүрээтэй халдлага хийхээ анхааруулсан аж.
Ираны Tasnim агентлаг цэргийн эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Ираны Зэвсэгт хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд хэрэв халдлагад өртвөл Ойрхи Дорнод дахь АНУ-ын объектуудыг онилон цохилт өгөхөд бэлэн байна гэжээ.
Лхагва гарагт шилжих шөнө АНУ, Иран хоёр дахин харилцан цохилт өгсөн байна. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, энэ нь Apache нисдэг тэрэг устгагдсаны хариу арга хэмжээ байсан бөгөөд Ормузын хоолойн орчим дахь Ираны агаарын довтолгооноос хамгаалах байгууламжууд, газрын удирдлагын станцууд болон хяналтын радарын системүүдийг устгасан гэж мэдэгджээ.
Харин Иран үүний хариуд Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгсөн байна.
АНУ эдгээр ажиллагаагаа далайн хоригийг хэрэгжүүлэх болон "өөрийгөө хамгаалах" зорилготой гэж тайлбарлаж байгаа бол Иран өөрийн үйлдлийг хариу цохилт гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хоёр улсын хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд талууд харилцан ойлголцлын суурь санамж бичгийн хүрээг тохиролцохыг зорьж байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI