АНУ-ын Зэвсэгт хүчин зургадугаар сарын 9-нд Ормузын хоолойд Ираны тал Америкийн “Apache” загварын цохилтын нисдэг тэргийг унагасны хариуд Ираны эсрэг цэргийн цохилтоо сэргээжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) Х нийгмийн сүлжээгээрээ дамжуулан “Энэхүү ажиллагаа нь Ираны үндэслэлгүй түрэмгий үйлдэлд үзүүлж буй зохистой хариу арга хэмжээ юм” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ABC News сувагт өгсөн ярилцлагадаа "Ийм хариу арга хэмжээ авах шаардлагатай байсан" гэж мэдэгджээ. Тэр “Хариу арга хэмжээ маш хүчтэй, маш шийдэмгий байх ёстой байсан. Одоо яг тийм л байна” гэж хэлсэн байна.
Ираны өмнөд хэсэгт дэлбэрэлтүүд болсон тухай мэдээлэв
Америкийн Axios хэвлэлийн мэдээлснээр, АНУ-ын цохилтын гол бай нь Ормузын хоолой орчим дахь Ираны агаарын довтолгооноос хамгаалах системүүд болон радарын станцууд байжээ.
Ираны хэвлэлүүд тус улсын өмнөд эрэг орчимд хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн байна. Tasnim агентлагийн мэдээлснээр, Сирик, Минаб хотууд болон Кешм арал дээр дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Вашингтонд хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Тэрбээр Х сүлжээнд “Тулааны талбарт ялагдал хүлээснийхээ дараа АНУ бидний шийдэмгий байдлыг сорихоор шийдлээ. Манай хүчирхэг зэвсэгт хүчин ямар ч халдлага, заналхийллийг хариугүй үлдээхгүй. Аюулгүй байхыг хүсвэл манай бүс нутгаас гар” гэж бичжээ.
Үүний дараа Tasnim агентлаг Ираны Islamic Revolutionary Guard Corps АНУ-ын бүс нутаг дахь объектууд руу пуужин болон дрон харвасан гэж мэдээлсэн байна.
АНУ цохилтоо дуусгаснаа мэдэгдэв
Хэдэн цагийн дараа CENTCOM Иранд өгсөн цохилтын ажиллагаа дууссан талаар мэдэгджээ. Америкийн цэргийнхэн Ормузын хоолойн ойролцоох Ираны агаарын довтолгооноос хамгаалах байгууламжууд, газрын удирдлагын төвүүд болон радарын станцуудыг онилон цохилт өгсөн байна.
“Апачи” нисдэг тэрэг дронтой мөргөлдсөн байж болзошгүй
Өмнө нь Дональд Трамп өөрийн Truth Social сүлжээгээр дамжуулан Ираны эсрэг хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байв. Түүний хэлснээр “Апачи” нисдэг тэрэг Ормузын хоолойд эргүүл хийж байх үед Ираны цэргийн хүчний довтолгоонд өртжээ. Харин хоёр нисгэгч нь эсэн мэнд үлдэж, аюулгүй байгаа талаар мэдээлсэн байна.
Associated Press агентлагт нэрээ нууцалсан Америкийн нэгэн албан тушаалтан мэдээлэхдээ нисдэг тэрэг Ираны дронтой мөргөлдсөний дараа осолдсон байж болзошгүй гэжээ. Энэ мөргөлдөөн санаатай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй, албан ёсны мэдэгдлүүдэд энэ хувилбарыг дурдаагүй байна.
Гал зогсоох хэлэлцээртэй байсан ч мөргөлдөөн үргэлжилсээр байна
Сүүлийн өдрүүдэд АНУ, Израиль болон Ираны хооронд мөргөлдөөн дахин хурцдаж, гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр байсан ч байлдааны ажиллагаа тасраагүй байна.
Зургадугаар сарын 7-ны орой Иран дөрөвдүгээр сараас хойш анх удаа Израилийн чиглэлд пуужин харвасан. Ираны тал үүнийг Бейрут хотын “Хезболла”-гийн нөлөө бүхий дүүргүүдэд Израиль агаарын цохилт өгсөнтэй холбон тайлбарлажээ.
Үүний хариуд Израиль мөн Иран дахь байнууд руу довтолгоогоо сэргээсэн байна. Харин зургадугаар сарын 8-нд Израиль болон Иран түр хугацаанд байлдааны ажиллагаагаа зогсоохоо мэдэгджээ.
Гэвч АНУ Ираны эсрэг хариу цохилт өгөхөө зарлахаас хэдхэн цагийн өмнө Дональд Трамп Тегерантай энхийн хэлэлцээр байгуулах боломж ойрхон гэж мэдэгдсэн байна. “Тэр Бид маш сайн хэлэлцээр байгуулах эцсийн шатандаа явж байна” гэж хэлээд, Ирантай хийх яриа хэлэлцээ ойрын хоёр, гурван хоногт дуусч магадгүй талаар нэмж өгүүлжээ.
Эх сурвалж: DW