Ормузын хоолой орчимд АНУ-ын цэргийн “Apache” нисдэг тэрэг осолдож сүйрсэн талаар мэдээлжээ. Энэ мэдээллийг өмнө нь “The New York Times” сонин нийтэлсэн бол зургадугаар сарын 9-ний мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталгаажуулж, нисгэгчдийг аварсан гэж мэдэгдсэн байна.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд энэ нь Иран болон Израилийн хооронд өрнөж буй дайны үеийн гал зогсоох дэглэм үйлчилж байх үед болсон хэрэг аж.

Трамп энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Маргааш бид энэ асуудлыг авч үзнэ” гэж мэдэгджээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) тухайн үед албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Мэдээлэлд дурдсанаар, сүүлийн өдрүүдэд бүс нутагт байлдааны ажиллагаа үе үе хурцдаж, Иран, Израиль харилцан цохилт өгсний дараа түр намжсан нь эвлэрлийн яриа хэлэлцээний хэврэг байдлыг харуулж байгаа аж.

Мөн Иран орчимд дайны эхлэлтэй холбоотойгоор Ормузын хоолой худалдааны хөлөг онгоцуудад хаалттай байгаа бөгөөд энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд чухал нөлөөтэй бүс юм. АНУ энэ бүсэд “Apache” нисдэг тэргүүдээс гадна MQ-9 Reaper дрон, F/A-18 болон F-35 сөнөөгч онгоцуудыг ашиглан хяналт тавьж байгаа талаар “NYT” онцолжээ.

Иран хоёрдугаар сарын 28-наас хойш ойролцоогоор 30 нисгэгчгүй онгоц устгасан, зарим АНУ-ын байлдааны онгоц алдагдсан талаар дурдсан байна. Харин “Apache” нисдэг тэрэг энэ мөргөлдөөний үеэр устсан анхны тохиолдол болж магадгүй гэж тэмдэглэжээ.

АНУ-ын “AH-64 Apache” нисдэг тэрэг нь Hellfire пуужингаар тоноглогдсон, бүс нутаг дахь хамгийн хүчирхэг байлдааны нисдэг тэрэгнүүдийн нэгд тооцогддог байна.

Трамп мөн дайны төгсгөлийн талаар ярихдаа “Иран дахь асуудлыг дуусгах тохиролцооны эцсийн шатанд бид байна” хэмээгээд, тохиролцооны дараа Ормузын хоолой нээгдэх талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW