#вТРЕНДde нэвтрүүлгийн хөтлөгч Константин Эггерт социологич, сэтгүүлч, ОХУ-ын Төрийн Думын депутат асан, өдгөө улс төрийн цагаач, блогер бөгөөд Украины Зэвсэгт хүчинд идэвхтэй хандив цуглуулдаг Игорь Яковенкотой ярилцаж, 1991 оноос хойш Ельцинд юу тохиолдсон, Путин Сталин болон Андроповоос юугаараа ялгаатай, мөн Оросын ирээдүйг хэрхэн төсөөлж буй талаар хэлэлцжээ.

Константин Эггерт: -Түүхээс эхэлье. Та өөрчлөлт шинэчлэлт болон 90-ээд оны үйл явдлын гэрч, оролцогч байсан… Одоо хүмүүс Орос дахь нөхцөл байдал, Путины дэглэмийг хараад “ялзрал, задралын шинж тэмдэг харагдаж байна” гэж ярьж байна. Тэр үед, 70-аад онд, дотроос нь харахад систем нурж байгаа нь мэдрэгдэж байсан уу?

Игорь Яковенко: -Огтхон ч үгүй. Хэн ч коммунизмд итгэхээ больсон нь ойлгомжтой байсан ч систем нурж байна гэсэн ойлголт байгаагүй. Би тэр үед их сургуульд багшилж, бүр 80-иад онд социологийн тэнхим удирдаж байсан. “Бид төгсгөл ирж байгааг мэдэж байсан” гэж ярьдаг хүмүүс бол зүгээр л худлаа ярьж байна. Тийм шинж тэмдэг огт байгаагүй.

Зөвхөн академик түвшинд “нэг өдөр энэ систем дуусна” гэсэн таамаг байсан. Гэхдээ Зөвлөлт Холбоот Улс задарна гэдгийг задрахынх нь өмнөхөн хэн ч урьдчилан хэлж чадаагүй.

Эггерт: -Улсын аюулгүй байдлын хороо (Зөвлөлтийн үед) ямар үүрэг гүйцэтгэсэн талаар одоо ч ярьдаг. Зарим нь “Бид байгаагүй бол өөрчлөлт шинэчлэлт эхлэхгүй байсан, Андропов өөрчлөлтийг эхлүүлсэн” гэдэг…

Яковенко: -Энэ бол инээдтэй ойлголт. Андропов бол Улсын аюулгүй байдлын хороо биш, тэр намын хүн байсан, зүгээр л тус хороонд томилогдсон. Тэр хоёр чухал зүйл хийсэн. Нэгд, Зөвлөлт холбоот  улсын коммунист нам доторх “Оросын нам” нэртэй үндсэрхэг урсгалыг дарсан. Хоёрт, УАБХ-г Дотоод хэргийн яамнаас дээгүүр тавьсан.

Тэрнээс өөр зүйл бараг хийгээгүй. Дараа нь нас барсан, удалгүй удирдагчид ээлжлэн солигдож, дараа нь Горбачёв гарч ирсэн. УАБХ хэзээ ч жинхэнэ эрх мэдэлтэй байгаагүй. Үргэлж намын доор байсан.

Эггерт: -Путин гарч ирснээр УАБХ хүссэн эрх мэдлээ авсан гэж хэлж болох уу?

Яковенко: -Үгүй. Путин Андроповын хийсэнтэй төстэй зүйл хийсэн. УАБХ (одоогийн Холбооны аюулгүй байдлын алба)-г Дотоод хэргийн яамнаас дээгүүр тавьсан. Гэхдээ одоогийн систем бол байгууллагын биш, хувь хүний дэглэм. Эрх мэдэл Путины гарт л байна.

Эггерт: -Путиныг Сталинтай харьцуулдаг. Та санал нийлэх үү?

Яковенко: Ижил тал нь зөвхөн нэг - хоёулаа хувь хүний дэглэм. Гэхдээ ялгаа нь асар их: Сталин мөнгөний төлөө биш, үзэл суртлын төлөө байсан. Путин бол мөнгө, хувийн ашиг сонирхлын төлөө. Сталинизм ирээдүйд чиглэсэн идеологи байсан. Путины систем өнгөрсөнд суурилсан “домог”. Путинд жинхэнэ идеологи байхгүй.

Эггерт: -Орос яаж өнөөгийн байдалд хүрсэн бэ?

Яковенко: -Бид хаашаа ч яваагүй. Оросын түүхэнд ард түмэн өөрсдөө засгаа сонгуулиар сольж байгаагүй. Жишээ нь, Украинд Путины үед таван ерөнхийлөгч солигдсон. Харин ОХУ-д нэг. 1999 онд Путиныг Ерөнхий сайдаар баталсан нь чухал эргэлт болсон. Тэр үеэс өнөөгийн дэглэмийн зам тавигдсан.

Эггерт: -Ельциныг та хэрхэн үнэлэх вэ?

Яковенко: “Сайн”, эсвэл “муу” гэж үнэлэх боломжгүй. Тэр бол зөвхөн эрх мэдлийн төлөө байсан хүн. Гэхдээ тэр 90-ээд оны Үндсэн хуулиар авторитар системийн суурийг тавьсан.

Эггерт: -Та Украинд дэмжлэг үзүүлж, хандив цуглуулж байна. Яагаад?

Яковенко: -Сонголт маш энгийн: Эсвэл Оросын талд байна, эсвэл Украины талд байна. Би Украиныг зөв тал гэж үздэг, тиймээс Орос ялагдахыг хүсдэг.

Эггерт: -Орос ялагдвал юу болох вэ?

Яковенко: -Хэрэв Украин ялвал Орост задрал эхэлнэ. Учир нь, дайнд оролцсон, хүчирхийлэлд дассан олон хүмүүс эх орон руугаа буцна. 1917 он шиг эмх замбараагүй байдал үүснэ. Төр тогтох боломжгүй болно.

Эггерт: -ЗХУ бүрэн задраагүй гэж үзэж байна уу?

Яковенко: -Тийм. Эзэнт гүрнүүд 21-р зуунд оршдоггүй. Орос бол эзэнт гүрэн. Тэр 1917 онд задрахыг оролдсон. 1991 онд дахин оролдсон. Одоо гурав дахь удаагаа задрах шатандаа явж байна. Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-нд энэ үйл явцыг улам хурдасгасан.

Эх сурвалж: DW
М.МИЛЕНА