ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Харьков мужийн Чугуев хотод зургадугаар сарын 9-ний мягмар гаргийн шөнө цохилт өгсний улмаас 70, 56 настай эрэгтэй, 22 настай эмэгтэй амь үрэгджээ. Мөн хэд хэдэн хүн шархадсанаас зарим нь хүчтэй стрессийн улмаас эмнэлгийн тусламж авсан талаар бүс нутгийн цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубов Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Чугуев хотын захирагч Галина Минаевагийн мэдээлснээр, Оросын тал пуужин болон “Shahed” төрлийн дрон ашиглан довтолжээ. Амь үрэгдэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй байсан аж. Мөн ойролцоогоор найман орон сууцны барилга болон арав гаруй хувийн байшин эвдэрчээ.
Түүнчлэн мөн шөнө ОХУ Харьков хотод давхар цохилт өгсөн байна. Олег Синегубовын мэдээлснээр, нийт 15 хүн гэмтсэний дотор гурван хүүхэд байжээ. Гурван эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Цохилтын улмаас гал гарч, дор хаяж 18 автомашин шатаж, орон сууцны барилгуудын цонх хагарч, фасад эвдэрчээ. Харьков хотын дарга Игорь Тереховын мэдээлснээр, Шевченковский болон Холодногорский дүүргүүд өртсөн бөгөөд нэг хотын үйлчилгээний байгууллагын барилга гэмтэж, ажилтан нь шархадсан байна.
Тэрбээр мөн орон сууц, иргэний аж ахуйн нэгж, дэлгүүр, автомашин болон хотын дэд бүтцийг онилсон довтолгоо болсон гэж онцолжээ. Нэг дрон олон давхар орон сууцны байранд оногдсон ч азаар хүний амь үрэгдээгүй, харин ойролцоох автомашинууд шатаж, олон машин эвдэрч, хөрш байрнуудын цонх хагарсан гэж мэдээлсэн байна.
B