Монгол Улс Оросын жуулчдын хувьд улам бүр сонирхол татахуйц чиглэл болж байгаа талаарх мэдээллийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.

“Монгол Оросын жуулчдын сонирхлыг улам ихээр татах болжээ” гарчигтай уг нийтлэлд "ОХУ дахь Монголын худалдааны төлөөлөгчийн газрын зөвлөх Т.Баасансүрэн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа Монголыг зорих Оросын жуулчдын тоо нэмэгдэж, тус улс тэдний хувьд улам сонирхол татах чиглэл болж байгааг онцолсон байна.

Тэрбээр Санкт-Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр хэлэхдээ, аяллын бусад боломж, хувилбарууд хязгаарлагдмал байгаа нь Монголыг илүү анхаарал татахуйц аяллын чиглэл болгож байгааг тэмдэглэжээ.

Мөн Т.Баасансүрэнгийн хэлснээр, Оросын жуулчид Монголыг ихэвчлэн байгальд суурилсан аялал болон адал явдалт аяллын чиглэлээр сонгож байгаа бөгөөд энэ нь Монголын онгон байгаль, өргөн уудам нутагтай шууд холбоотойг онцолсон байна.

Тэрбээр цааш нь, Оросын Европын хэсгийн иргэд Монголын талаарх мэдээлэл харьцангуй хязгаарлагдмал байдаг тул зорчих нь цөөн бол Сибирийн бүс нутаг, ялангуяа Буриадаас ирэх жуулчдын урсгал илүү идэвхтэй байгааг дурджээ.

Мөн Монголд ирдэг гадаад жуулчдын бүтцийн хувьд Өмнөд Солонгос, Хятад улс эхний байранд бичигддэг бол Орос улс хоёрдугаарт орж байгааг тэрбээр тодотгосон байна.

Үүнээс гадна ОХУ-ын Байгаль орчны сайд бөгөөд Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хамтран дарга Александр Козловын мэдээлснээр, 2026 оны эхний улиралд Монголыг зорьсон Оросын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байна" гэжээ. 

Эх сурвалж: RIA NOVOSTI