Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch.V энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших, албан ёсны хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар хууль бусаар Монгол Улсад нэвтэрчээ.

Тэрбээр зохих бичиг баримтгүйгээр нууцаар улсын хил давж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хууль бусаар нэвтэрсэн тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ.

Прокурорын байгууллага уг хэргийг шалгаж дуусган, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хэлэлцэхээр болсон байна.

Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад нэвтрэх болон гарах эрхийн баримт бичиггүй, эсхүл хуурамч бичиг баримт ашигласан, мөн зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрсэн тохиолдолд 1,350-10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.