“Friedensgutachten” буюу Энх тайвны шинжээчдийн 2026 оны тайлангийн зохиогчид, дайныг ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгон “хэвийн зүйл” мэт үзэх хандлага нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Уг тайланг даваа гарагт Берлин хотод танилцуулсан байна.

Путин ба Трамп

Шинжээчид дайн өдөөж буй гол хүмүүсээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг нэрлэжээ.

Тайланд тэмдэглэхдээ, Путины хувьд Украинтай хийж буй түрэмгий дайн тав дахь жилдээ үргэлжилж буй, түүний зорилго 'Их Оросын эзэнт гүрнийг сэргээх үзэл баримтлалаа бодит болгох' явдал" гэжээ.

Харин Дональд Трампын тухайд, тангараг өргөх үеийн үг хэллэгээсээ эхлэн тэр “Америкийг дахин агуу болгох” зорилгоо илэрхийлж, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд холбоотон болон өрсөлдөгчиддөө хүч хэрэглэхээр заналхийлж, зарим тохиолдолд бодитоор ашиглаж ирснийг онцолсон байна.

Израиль, Турк, Персийн булангийн орнууд

Тайланд мөн Израиль, Турк болон Персийн булангийн орнууд зэрэг дунд хэмжээний гүрнүүд ижил төстэй хандлага үзүүлж буй талаар дурджээ. Эдгээр улс уламжлалт үндэсний төрийн хэлбэрээс холдож, “эзэнт гүрний шинжтэй тоглогч” болж, нөлөөллийн хүрээгээ тэлж, олон улсын дүрмийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн сонгон хэрэглэх болсон гэж дүгнэсэн байна.

“Дайн дахин магтагдах болсон”

Франкфурт хотын Лейбницийн Энх тайван, мөргөлдөөний судалгааны хүрээлэн (PRIF)-гийн эрдэмтэн Николь Дейтельхоффын хэлснээр, дайн дахин хүч хэрэглэх хэвийн арга хэрэгсэл мэтээр “магтагдах” болсон байна.

Түүний хэлснээр, ийм ашиг сонирхол нь нийт нийгмийн сайн сайхны төлөө бус, харин хувийн ашиг, эсвэл ашиг олох зорилготой болжээ. Мөн олон жилийн турш анхааруулж ирсэн “дүрэмд суурилсан олон улсын дэг журам задрах эрсдэл” одоо бодитоор хэрэгжиж эхэлснийг онцолж, “Бид энэ задралын явц дунд байна” гэж мэдэгдсэн байна.

Герман, Европын холбоонд өгсөн зөвлөмж

Судлаачид Герман болон Европын Холбоонд АНУ-аас батлан хамгаалах болон зэвсгийн хамаарлаа бууруулахыг зөвлөжээ. Мөн олон улсын дүрэм зөрчсөн тохиолдолд хатуу байр суурь баримтлах шаардлагатайг анхааруулсан байна. Тэд "Венесуэл, Ираны жишээн дээрх шиг зөрчлийг тэвчиж өнгөрвөл олон улсын итгэлцэл алдагдана" гэж үзжээ.

Түүнчлэн Бонны Олон улсын мөргөлдөөний судалгааны төвийн захирал Конрад Шеттер "Германы НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суудалд өрсөлдөх оролдлого бүтэлгүйтсэн нь ч анхааруулга болох ёстой" гэж онцолсон байна.

Тайлангийн тухай

“Friedensgutachten” буюу Энх тайвны тайланг 1987 оноос хойш жил бүр Бонны BICC төв, Дуйсбург-Эссений их сургуулийн INEF институт, PRIF болон Гамбургийн их сургуулийн IFSH зэрэг байгууллагууд хамтран нийтэлж иржээ.

Эх сурвалж: DW