БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургадугаар сарын 8-нд Хойд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн талаар Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлэв. Энэ нь түүний сүүлийн долоон жилийн хугацаанд Пёньянд хийж буй анхны айлчлал бөгөөд Ким Жон Ун нисэх онгоцны буудалд өөрийн биеэр очиж угтан авсан нь ховор тохиолдол гэж ажиглагчид үзэж байна.

Ши Жиньпин эхнэр Пэн Лиюань, Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий албаны дарга Цай Ци, Гадаад хэргийн сайд Ван И нарын хамт Пёньянд хүрэлцэн иржээ. Нисэх буудалд Ким Жон Ун болон түүний эхнэр Ли Соль Жу нар зочдоо хүндэтгэлтэйгээр угтан авч, хүүхдүүд цэцгийн баглаа өргөн барьсан байна.
Пёньяны нисэх буудалд улаан хивс дэвсэж, БНХАУ болон БНАСАУ-ын төрийн далбааг мандуулжээ. Үүний дараа Ши Жиньпин Ким Ир Сений талбайд болсон албан ёсны угтах ёслолд оролцож, Хойд Солонгосын арми 21 удаа ёслолын буудлага хийж, хүндэтгэл үзүүлжээ. Мөн хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж, Ши Жиньпин Ким Жон Уны хамт хүндэт харуулын жагсаалыг шалгасан байна.

Пёньяны гудамж талбай даяар Ши Жиньпиний хөрөг зураг, хоёр улсын төрийн далбаа, найрамдлыг магтан дуулсан уриа лоозонгууд байрлуулжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгосын хойгийн аюулгүй байдал, мөн Пёньян-Бээжин-Москвагийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ши Жиньпин хамгийн сүүлд 2019 онд Пёньянд айлчилж байсан бол Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард Бээжинд болсон Ялалтын баярын арга хэмжээнд оролцож, Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт цэргийн парад үзсэн билээ.
Энэ жилийн айлчлал нь БНХАУ, БНАСАУ-ын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ байгуулагдсаны 65 жилийн ойтой давхцаж байгаа тул улс төр, бэлгэдлийн өндөр ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.

Хойд Солонгос цөмийн бодлогоо улам эрчимжүүлсээр буй. Айлчлалын өмнөхөн Ким Жон Уны дүү Ким Ё Жон тус улсын цөмийн зэвсэгт статусыг “буцах замгүй бодлого” хэмээн мэдэгдсэн бол Ким Жон Ун шинэ цөмийн материалын үйлдвэр болон тэнгисийн цэргийн шинэ хөлгийн туршилттай танилцаж, цөмийн зэвсгийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлэхээ илэрхийлжээ.
Ши Жиньпиний энэ айлчлал БНХАУ Солонгосын хойг дахь нөлөөгөө дахин бататгах, мөн Орос болон Хойд Солонгостой харилцах стратегийн тэнцвэрийг хадгалах зорилготой гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: YONHAP