Украины эрх баригчид Оросыг радио электрон тэмцэл (РЭТ)-ийн хэрэгслүүд ашиглан, Украины Зэвсэгт хүчний нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд (дрон)-ийг Балтын орнуудын нутаг дэвсгэр рүү санаатайгаар чиглүүлж байна гэж буруутгав.
Тавдугаар сарын 19-нд Эстонид дронтой холбоотой шинэ хэрэг гарсны дараа Киев Оросын талын “Украин Балтын орнуудын агаарын зайг ашиглан Орос руу цохилт өгч байна” гэсэн мэдэгдлийг няцаажээ.
Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч Георгий Тихий X хуудаст “Оросын суртал ухуулгын мэдээллээс ялгаатай нь Эстони, Латви, Литва болон Финланд улс хэзээ ч Украиныг өөрсдийн агаарын орон зайг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрөөгүй. Мөн Украин ийм зөвшөөрөл хүсч байгаагүй” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Москва өөрийн үйл ажиллагааны үр дагаврын хариуцлагыг Украин, Балтын орнууд, мөн Финландад тохох эрхгүйг онцолжээ. Украины талын мэдэгдэлд “Украин НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж байна. Манай хууль ёсны цэргийн бай Оросын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тэдгээрт хүрэхийн тулд бид Оросын агаарын орон зайг ашигладаг” хэмээн дурджээ.
Үүний зэрэгцээ Киев Эстони, Латви, Литва, Финланд улсаас дронтой холбоотой санамсаргүй тохиолдлуудын төлөө уучлал хүсэж, үзүүлж буй дэмжлэг, эв нэгдэлд нь талархал илэрхийлсэн аж. Мөн иймэрхүү хэрэг бүрийг нарийвчлан шалгаж, дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж буйг мэдэгдсэн байна.
НАТО Эстонийн нутагт орж ирсэн дроныг устгав
Мөн өдөр НАТО-гийн сөнөөгч онгоцууд Эстонийн өмнөд хэсгийн агаарын орон зайд нэвтэрсэн, Украины дрон байж болзошгүй төхөөрөмжийг устгасан байна. Эстонийн Батлан хамгаалахын сайд Ханно Певкур "Энэ нь Эстонид бүртгэгдсэн анхны тохиолдол" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Дроны нислэгийн чиглэлийг харгалзан үзээд, устгах шаардлагатай гэж үзсэн. Одоогийн байдлаар энэ нь Оросын цэргийн объект руу чиглэсэн дрон байсан байх өндөр магадлалтай” гэж хэлсэн байна.
Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахкна Украин өөрийгөө хамгаалах эрхтэй бөгөөд Орос дахь цэргийн бай руу цохилт өгөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч ийм төрлийн нислэгүүд нь ноцтой осол, эрсдэл үүсгэж болзошгүйд санаа зовниж буйгаа онцолжээ.
Дроны асуудал Балтын орнуудад улс төрийн үр дагавар авчирч байна
Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн эсрэг тав дахь жилдээ тэмцэж буй Украин сүүлийн саруудад Оросын цэргийн болон газрын тос, хийн дэд бүтцийн байгууламжууд руу дроны цохилтоо эрчимжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Оросын нутаг руу чиглэсэн зарим дрон Финланд болон Балтын орнуудын агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдлууд гарчээ.
Латвид болсон нэгэн дроны хэрэг улс төрийн томоохон хямрал үүсгэж, Батлан хамгаалахын сайд болон Ерөнхий сайд нь огцроход хүрсэн бөгөөд улмаар эрх баригч эвсэл задран унасан байна.
Эх сурвалж: DW