Оросын арми зургадугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт агаарын цохилт өгчээ. Үүний улмаас дор хаяж дөрвөн хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан талаар Украины эрх баригчид мэдээлсэн байна.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын мэдээлснээр, Оросын талаас нийт 236 ширхэг цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) харваснаас 215-ыг нь устгажээ. Гэвч 13 байршилд шууд цохилт бүртгэгдэж, өөр есөн газарт устгагдсан дронуудын хэлтэрхий унажээ.

Запорожье мужид маршрутын автобусны жолооч амиа алдав

Запорожье мужид нэг хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан талаар мужийн цэргийн захиргааны дарга Иван Федоров мэдэгджээ.

Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, Запорожье хотын захад байрлах Кушугум сууринд маршрутын микро автобусны жолооч эцсийн буудал дээрээ зогсож байх үед FPV төрлийн дроны дайралтад өртөн амиа алдсан байна.

Мөн дайралтын улмаас Запорожье хотын зарим хэсэг цахилгаангүй болж, эрчим хүчний байгууллагууд сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ.

Херсон болон Днепропетровск мужид иргэний дэд бүтэц өртжээ

Херсон мужид 14 хүн шархадсан бөгөөд дайралтууд голчлон иргэний дэд бүтэц рүү чиглэсэн байна. Үүний улмаас найман орон сууцны барилга, 15 хувийн сууц, усан цамхаг, үүрэн холбооны цамхаг, аж ахуйн зориулалттай барилга байгууламж, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл болон хувийн автомашинууд эвдэрч сүйджээ.

Днепропетровск мужид 59 настай нэг иргэн амь үрэгдэж, өөр нэг хүн шархадсан байна. Мужийн захиргааны тэргүүн Александр Ганжийн мэдээлснээр, шөнийн турш хоёр дүүрэг 20 гаруй удаагийн дрон болон агаарын бөмбөгийн халдлагад өртжээ.

Сумы болон Одессад хүний хохирол гарав

Сумы мужийн 46 суурин газар буудлагад өртөж, нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна.

Украины Батлан хамгаалах яамны зөвлөх Сергей Бескрестновын мэдээлснээр, зургадугаар сарын эхнээс Оросын арми Харьков болон Сумы хотуудыг холбосон авто замуудад цохилт өгөхөө эрчимжүүлжээ. Ялангуяа Харьков мужийн Богодухов орчимд, Оросын хилээс ойролцоогоор 20 километрийн зайд орших хэсгийг онилж байгаа аж.

Одесса хотод дайралтын улмаас ашиглагддаггүй нэгэн барилга шатаж, 41 настай оршин суугч хэлтэрхийд оногдон шархадсан байна. Харин Хар тэнгисийн эргийн Черноморск хотод орон сууцууд, хийн хоолой, сүмийн барилга, ачааны автомашинууд гэмтэж сүйджээ.

Чернобылийн цөмийн хаягдлын байгууламжид цохилт өгчээ

Украины төрийн өмчит эрчим хүчний "Энергоатом" компанийн мэдээлснээр, нисгэгчгүй төхөөрөмж Чернобылийн ашигласан цөмийн түлш хадгалах байгууламжийн нэг хэсгийг оножээ.

Дайралтын улмаас түлш хадгалах контейнер хүлээн авах зориулалттай барилгын хэсэгчилсэн эвдрэл үүссэн боловч тухайн хэсэгт цөмийн хаягдал хадгалагдаагүй байсан аж.

Мөн 40 ам метр талбайг хамарсан гал гарсан ч богино хугацаанд унтраажээ. Ажилтнуудын дунд бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байгаа гэж мэдээлсэн байна.

Хар тэнгист эрэн хайх, аврах хөлгүүдийг онилов

Украины Шадар сайд Алексей Кулебагийн мэдээлснээр, Оросын арми Хар тэнгист хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэж байсан Украины далайн эрэн хайх, аврах албаны хоёр хөлөг онгоцонд цохилт өгсөн байна.

Түүний хэлснээр, эдгээр хөлөг нь Украины далайн тээврийн коридорын хүрээнд ажиллагаа явуулж байсан бөгөөд халдлагын улмаас хүмүүс гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар Украины Тэнгисийн цэргийн хүчний завь, хөлгүүд шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Сүүлийн өдрүүдэд Украин даяар дроны болон пуужингийн халдлага эрчимжиж байгаа бөгөөд иргэний дэд бүтэц, эрчим хүчний объектууд, тээврийн сүлжээ байнга онилогдох болсон нь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Украины эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгээс агаарын довтолгооноос хамгаалах систем болон цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалсаар байгаа аж.

Эх сурвалж: DW