Иран, АНУ-ын хооронд өрнөж буй мөргөлдөөн 100 дахь өдрөө үргэлжилж буй энэ үед энхийн хэлэлцээ тодорхой ахицгүй хэвээр байна. Гал зогсоох эмзэг тохиролцоо хүчин төгөлдөр байгаа ч хоёр талын харилцан цохилт үргэлжилсээр байгаа нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NBC телевизэд өгсөн ярилцлагадаа Ирантай холбоотой мөргөлдөөн бүрэн шийдэгдэж, дайны нөхцөл байдал дуусах хүртэл Ойрхи Дорнод дахь америк цэргүүдийг татах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр мөн Ираны шинэ дээд удирдагчийг өмнөхөөсөө илүү “ухаалаг, бодлоготой” хүн хэмээн тодорхойлсон байна.

Энхийн хэлэлцээ яагаад урагшлахгүй байна вэ?

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Тегеран, Вашингтоны хоорондын яриа хэлэлцээний гол саад нь АНУ-ын байр суурь байнга өөрчлөгдөж, зарим асуудал дээр хоорондоо зөрчилдөж байгаа явдал аж.

Хэдийгээр талууд дипломат шугамаар харилцаагаа үргэлжлүүлж буй ч өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин гал солилцсон нь гал зогсоох хэлэлцээрийн ирээдүйд эргэлзээ төрүүлж эхэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын арми Ормузын хоолой орчимд Ираны хоёр нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан тухай мэдээлсэн байна. Харин өмнөх өдөр нь АНУ Ираны радарын байгууламжуудыг онилон цохилт өгсөн бол Тегеран Персийн булангийн бүсийн зарим улс руу пуужин, дроноор довтолжээ.

Трамп: Цөмийн асуудал бол мөргөлдөөний гол зангилаа

Ерөнхийлөгч Трампын үзэж буйгаар, өнөөгийн мөргөлдөөний хамгийн эмзэг асуудал нь Ираны цөмийн хөтөлбөр, ялангуяа өндөр баяжуулсан ураны нөөц аж. Тэрбээр "Хэрэв хоёр тал тохиролцоонд хүрч чадвал Ираны цөмийн материалыг хамтран устгах боломжтой" гэж мэдэгдсэн байна.

Трамп “Хэрэв бид хэлэлцээр байгуулвал хамтдаа ажиллана. Манай техник хэрэгслийг ашиглаж, цөмийн нөөцийг устгана. Түүнийг байршил дээр нь ч бай, өөр газар шилжүүлээд ч бай устгах боломжтой” хэмээн ярьжээ.

Гэвч тэрбээр хэлэлцээр бүтэлгүйтвэл АНУ Ираны эсрэг цэргийн хүчийг илүү хатуу хэлбэрээр ашиглахад бэлэн байгаагаа нуугаагүй аж. Трамп “Бид тэдэнтэй хамт явна, эсвэл тэдэнгүйгээр явна. Гэхдээ бидэн рүү буудаж байгаа нөхцөлд тийшээ орохгүй” гэж онцолсон байна.

“Би дайн гарахгүй гэж амлаагүй”

Трамп мөн "Сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ-ыг шинэ дайнд татан оролцуулахгүй гэж амалсан" гэх шүүмжлэлд хариулт өгчээ. Тэр “Юуны өмнө би дайн огт болохгүй гэж амлаагүй. Тэгвэл яах гэж дэлхийн хамгийн хүчирхэг армийг байгуулсан гэж?” хэмээн хэлсэн байна.

Түүний үзэж буйгаар, Иран болон Венесуэлтэй холбоотой ажиллагаа нь Ирак, Вьетнамын олон жилийн дайнуудтай харьцуулах хэмжээнд хүрээгүй бөгөөд аюул занал удахгүй арилна гэж үзэж байгаа аж. Тэр “Бид тэнд хэдхэн сар байгаа. Аюул занал үндсэндээ дуусах шатандаа орсон. Гэхдээ Иран цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрч болохгүй” гэж мэдэгджээ.

АНУ: Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет сүүлийн өдрүүдэд гарсан зэвсэгт мөргөлдөөнүүдийг үл харгалзан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр Франц улсад болсон арга хэмжээнээс буцахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Мэдээж гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээр байна” гэж хэлжээ.

Мөн гал зогсоох хугацаанд хэсэгчилсэн зөрчил, мөргөлдөөн гарч болохыг Ерөнхийлөгч Трамп өмнө нь анхааруулж байсныг дурдсан байна. Тэр “Бид идэвхтэй хэлэлцээ хийж байна. Худалдааны урсгал хэвийн үргэлжилж буй. Иран тэдгээрт халдах ёсгүй. Хэрэв халдвал бид хариу арга хэмжээ авна. Гэхдээ эцсийн дүндээ сайн хэлэлцээр байгуулагдана гэж найдаж байна” хэмээн хэлжээ.

Дайны 100 хоног: Эргэлтийн мөчүүд

100 хоногийн өмнө эхэлсэн АНУ, Израилын цэргийн ажиллагаа Ойрхи Дорнодын улс төр, аюулгүй байдлын орчныг эрс өөрчилж, дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд ч нөлөөлсөөр байна.

CNN агентлагийн сурвалжлагчид дайны эхний өдрүүдийн хамгийн чухал мөчүүдийг эргэн дурсжээ.

Хоёрдугаар сарын 28: Иранд өгсөн анхны цохилт

CNN-ийн ахлах сурвалжлагч Закари Коэн “Хоёрдугаар сарын 27-ны орой гэхэд АНУ-ын төрийн байгууллагуудад ер бусын хөдөлгөөн өрнөж байгааг олон эх сурвалж мэдээлж байсан. Тэр үед томоохон цэргийн ажиллагаа эхлэх гэж байгааг мэдэрсэн” гэжээ.

Израил анхны хариу довтолгоонд өртөв

Иерусалим дахь сурвалжлагч Жереми Даймон “Израилын сая сая иргэний нэгэн адил би агаарын түгшүүрийн дохиогоор сэрсэн. Иргэдийг хоргодох байранд ойр байхыг анхааруулж, Ираны пуужингийн довтолгоонд бэлтгэж эхэлсэн" гэж хэлсэн байна.

АНУ анхны хохирлоо амссан өдөр

Үндэсний аюулгүй байдлын сурвалжлагч Хэйли Бритцки “АНУ-ын цэргүүд цохилтод өртөж, хэд хэдэн хүн амь үрэгдсэн байж болзошгүй тухай мэдээллээр сэрсэн. Ийм мэдээ сонсох хэзээ ч амар байдаггүй” гэжээ.

Тегераныг донсолгосон дэлбэрэлтүүд

Олон улсын ахлах сурвалжлагч Фред Плейтген “Шөнө дунд хүчтэй дэлбэрэлтүүд болж, зочид буудал бүхэлдээ чичирсэн. Дээвэр дээр гарахад хотын хэд хэдэн хэсэгт асар том хар утаа суунаглаж байлаа” хэмээн ярьсан аж.

Ливан дахь мөргөлдөөн тэлсэн нь

Аюулгүй байдлын асуудал хариуцсан сурвалжлагч Ник Пэйтон Уолш “Ираны дээд удирдагчийн үхлийн өшөөг авахын тулд Израил руу пуужин харвасан гэж "Хезболла" ил тод мэдэгдэхэд энэ нь тун эрсдэлтэй, бараг амиа хорлохтой адил алхам мэт санагдсан” гэжээ.

Тодорхойгүй ирээдүй

100 хоног үргэлжилсэн энэхүү мөргөлдөөн цэргийн болон дипломат фронт дээр зэрэг өрнөсөөр байна. Нэг талаас гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр байгаа гэж мэдэгдэж буй ч нөгөө талаас харилцан цохилт үргэлжилсээр байгаа нь нөхцөл байдал бүрэн тогтворжоогүйг харуулж байна.

Тиймээс Иран, АНУ хоёр дипломат гарц олж чадах эсэх, эсвэл мөргөлдөөн дахин хурцдах уу гэдэг зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхийн анхаарлыг татсан гол асуудал хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: CNN