Украины төрийн өмчит “Энергоатом” компани "ОХУ-ын нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) зургадугаар сарын 7-ны ням гарагт шөнийн цагаар Украин улсын Чернобыль дахь ашигласан цөмийн түлш хадгалах төвлөрсөн агуулах (ЦТХТА) руу дайрсан" гэж мэдэгджээ.

Уг цохилтын улмаас контейнер хүлээн авах зориулалттай барилга хэсэгчлэн сүйдсэн байна. Тухайн байгууламжид ашигласан цөмийн түлш хадгалагдаагүй байсан аж.

“Энергоатом” компани "Дайралтын дараа 40 м² талбайд гал гарч, уг галыг шуурхай тогтоон барьж, бүрэн унтраасан" гэж мэдээлсэн байна. Мөн тус компанийн мэдээлснээр, ажилтнуудын дунд хохирол гараагүй бөгөөд объектын орчим дахь цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байгаа ажээ.

Зеленский: ОХУ “Шахед” дроноор ЦТХТА объектод цохилт өгсөн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг үйл явдлыг “Өнөөдөр Оросууд Чернобыль атомын станцын орчмын онцгой бүсэд дахин цохилт өглөө. ‘Шахед’ дрон нь ашигласан цөмийн түлш хадгалах төвлөрсөн агуулахын нэг барилгыг онож, маш чухал дэд бүтцийн объектод хохирол учрууллаа” гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, Украины Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яам болон бусад байгууллагууд болсон явдлыг олон улсын түншүүдэд мэдээлж байгаа аж.

Тэр “Одоогийн байдлаар цацрагийн хэмжээ хэтрээгүй ч Оросын түрэмгийлэл улам бүр гаарч байна. Дэлхий дахин бодит шинэ алхам хийх хэрэгтэй. Ингэснээр оросууд өөрсдийн харгис дайн нь өөрсдөд нь хариу цохилт авчирдагийг ойлгох ёстой” гэж онцолжээ.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Х платформ дээр “Цөмийн шантааж болон цөмийн аюулгүй байдалд заналхийлэх Оросын үйлдлүүд нь системтэй, зориудын шинжтэй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олон улсын хамтын нийгэмлэг түүнийг буруушааж, дарамтыг нэмэгдүүлэх ёстой” гэж бичсэн байна. ОХУ-ын эрх баригчид уг халдлагын талаар одоогийн байдлаар тайлбар хийгээгүй байгаа аж.

МАГАТЭ: Чернобылийн бүс дэх байгууламжид ихээхэн хохирол учирсан

Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ) Украины талаас Чернобыль дахь ашигласан цөмийн түлш хадгалах төвлөрсөн агуулахад дрон халдлага болсон тухай мэдэгдэл хүлээн авснаа мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, түлш хүлээн авах барилга ихээхэн эвдэрсэн бөгөөд дэлбэрэлтийн цохилтын давлагаа ойролцоох барилга байгууламжид ч нөлөөлсөн аж.

Одоогийн байдлаар Чернобыль АЦС дээр ажиллаж буй МАГАТЭ-ийн шинжээчдийн баг удахгүй газар дээр нь очиж, хохирлын хэмжээг үнэлэхээр болжээ.

Украины цөмийн байгууламжууд руу чиглэсэн халдлагууд

Энэ нь Украины цөмийн байгууламжид хийсэн анхны халдлага биш аж. 2025 оны хоёрдугаар сард ОХУ-ын дрон Чернобыль АЦС-ын хамгаалалтын бүрхүүлд цохилт өгч, улмаар хамгаалалтын үүргээ алдахад хүргэсэн байна. Мөн 2026 оны тавдугаар сард Чернобылийн хориотой бүсэд Оросын зэвсэгт хүчин дроны халдлага үйлдсэний дараа томоохон ой хээрийн түймэр гарч байжээ.

Үүнээс гадна ОХУ-ын хяналтад байгаа Запорожийн АЦС байлдааны ажиллагаанаас байнга хохирч байгаа аж. МАГАТЭ-ийн мэдээлснээр, 2022 оноос хойш тус станц 17 удаа гадаад цахилгаан тэжээлээс түр салж байжээ. Москва болон Киевийн талууд бие биенээ станцуудад цохилт өгсөн гэж буруутгасаар буй юм.

Эх сурвалж: DW