Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийГ үүсгэн байгуулсны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Орон сууцны санхүүжилт” форумыг зургадугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм байна.
Тус форум орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой аж.
Форумыг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн дэмжлэгтэйгээр МИК хамтран зохион байгуулж буй юм байна.
Арга хэмжээнд Монгол Улсын төрийн байгууллагууд, Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн байгууллагууд, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, “Deutsche Bank”, Европын Орон сууцны хуримтлалын банкуудын холбоо болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг нийт 10 гаруй олон улсын зочид, төлөөлөгчид оролцох ажээ.

Форумын хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага”, “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
МИК үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн турш иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмжин, Монгол Улсад ипотекийн зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж иржээ.

Энэ хүрээнд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, Засгийн газрын хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж.
Мөн ойн арга хэмжээний хүрээнд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
