Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн (дрон) довтолгоо эрчимжиж байгаатай холбоотойгоор Москва хотын өндөр барилгууд дээр агаарын довтолгооноос хамгаалах систем (АДХС)-үүд байрлуулах ажил үргэлжилж байгаа аж.

“Агентство” мэдээллийн агентлаг зургадугаар сарын 5-ны баасан гарагт тухайн ажиллагааг оршин суугчийн бичсэн дүрс бичлэгийн хамт нийтэлжээ. Мэдээлэлд дурдсанаар, Оросын цэргийнхэн нисдэг тэрэг ашиглан Москва хотын зүүн хойд хэсэгт, Сокольники метроны буудлын ойролцоох бизнес ангиллын “Дом в Сокольниках” орон сууцны цогцолборын нэг өндөр барилгын дээвэр дээр зенит пуужингийн цогцолбор (ЗРК) “Панцирь” байрлуулсан байна.

Дроны эсрэг шинэчилсэн хувилбаруудыг ашиглаж байна

OSINT шинжээч Кирилл Михайловын хэлснээр, орон сууцны барилга дээр байрлуулсан систем нь дрон эсэргүүцэх зориулалттай, шинэчилсэн хувилбар болох “Панцирь-СМД-Е” байх магадлалтай аж.

Энэ систем нь "7 км хүртэл тусгалтай ТКБ-1055 “Гвоздь” жижиг ба дунд пуужингууд, 20 км хүртэл тусгалтай 95Я6 төрлийн пуужингууд зэргээр тоноглогдсон байна.

Шинжээчийн хэлснээр, эдгээр суман зэвсгүүд нь “Панцирь-С1” системийн автомат их буунаас илүүтэйгээр жижиг дронуудыг устгахад илүү үр дүнтэй аж.

Москвагийн АДХСистемүүдийг өндөр барилгуудаар бэхжүүлж байна

Тавдугаар сарын сүүлээр мөн ийм төрлийн системийг Москвагийн “Беговая” метроны буудлын ойролцоох 42 давхар Nordstar Tower бизнес төвийн барилга дээр байрлуулсан байна. Ингэхдээ Ми-26 хүнд даацын нисдэг тэрэг ашигласан бөгөөд энэ нь ийм төрлийн хүнд техникийг өндөр барилгад зөөж байрлуулах чадвартай аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өндөрт байрлуулах нь харах өнцгийг сайжруулах, нам өндрөөр нисэж буй байг хурдан илрүүлэх, хариу үйлдлийн хугацааг багасгах зэрэг давуу талтай юм байна.

АДХ системүүд Москвагийн дээвэр дээр өмнө нь ч байрлаж байв

Өмнө нь ч Москва хотын зарим барилга, тэр дундаа ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв байрны дээвэр дээр ийм системүүд байрлаж байсан талаар мэдээлэл бий аж. Гэхдээ 2026 оноос эхэлсэн шинэ давлагаа нь Украин талаас ОХУ-ын нутаг дэвсгэр рүү чиглэсэн дрон довтолгооны цар хүрээ, давтамж нэмэгдсэнтэй холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж буй юм байна.

Ялангуяа тавдугаар сард Украин дрон ашигласан хамгийн томоохон цуврал халдлагуудын нэгийг явуулсан бөгөөд Москва орчмын бүс болон бусад хэд хэдэн бүс нутгийн дэд бүтцийн объектууд өртжээ.

Эх сурвалж: DW