Дмитрий Германы Deutsche Welle (DW) агентлагт “Би тэнгисийн явган цэргийн офицер байсан. Маш сайн албан тушаал хашиж, 200 гаруй хүнийг удирдаж байлаа. Бид олон амжилттай ажиллагаа явуулсан. Гэвч хар тамхины хэрэглээнээс болж энэ бүхнээ алдсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр одоо нөхөн сэргээх эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хар тамхины хамаарлын улмаас Украины армийн албанаас халагдах болсон байна.
Шархны өвдөлтөөс эхэлсэн донтолт
Дмитрийн хар тамхины хамаарал дайнд шархадсаны дараа хэрэглэсэн өвчин намдаах эмээс эхэлжээ. Тэрбээр хөлдөө авсан шархаа үзүүлэн, хэдэн сарын турш эдгэхгүй байгааг тайлбарласан байна. Энэ нь түүний авсан хоёр дахь шарх аж.
Тэр “Ясанд хүртэл хүрсэн гуурс тавьж, хүчтэй өвчин намдаах тариа хийдэг байсан. Тэр эмийн нөлөөнд байхдаа үнэхээр сайхан мэдрэмж төрдөг байлаа. Харин эмнэлгээс гарсны дараа байдал улам дордож эхэлсэн. Ингээд мэдрэлийн гаралтай өвдөлт намдаагч хэрэглэж эхэлсэн” гэж ярьжээ.

Хожим нь тэр метадон хэрэглэдэг болсон байна. Нэг удаа харъяа цэргүүдийнхээ сэжигтэй байдлыг анзаарч, хоёр уут метадон хураан авсан ч өөрөө хэрэглэж эхэлжээ.
Тэр “Энэ бас өвчин намдаах үйлчилгээтэй гэж уншсан. Эхэндээ хоёр, гурван ширхэгээр хэрэглэдэг байсан ч эцэст нь өөрийгөө хянаж чадахаа больсон” гэж дурссан байна.
“Хар тамхи бол тэдний асуудал биш, тусламж хүссэн дохио”
Украины “Эрүүл шийдлүүд” буяны сангийн судалгаагаар дайны нөхцөлд алба хааж буй цэргийн албан хаагчдын дунд өөрийгөө эмчлэх оролдлого нь хар тамхины хамаарал үүсэх гол шалтгаануудын нэг болжээ.
Сангийн гүйцэтгэх захирал Виктория Тимошевская “Цэргүүд тулааны даалгавраа үргэлжлүүлэхийн тулд өвдөлтөө дарах үр дүнтэй арга хайдаг. Ингээд өөрсдөө эм хэрэглэх нь донтолтын эхлэл болдог” гэжээ.
Дмитрийн хэлснээр, дайны аймшигт дүр зураг, байнгын стресс, амь насны аюул олон хүнийг бодит байдлаас түр ч болов зугтахыг хүсэхэд хүргэдэг байна. Тэр “Дайн гэдэг тасарсан гар, хөл, өмхий үнэр, үхэлтэй нүүр тулахыг хэлнэ. Энэ бол асар хүнд сэтгэлзүйн дарамт” гэж ярьжээ.
Дайн, гэр бүлийн асуудал, туйлдалт
20 жилийн турш донтолтын эмчилгээ хийж буй сэтгэл засалч, цэргийн лам Игорь Алферовын үзэж байгаагаар хар тамхины хэрэглээний шалтгаан нь зөвхөн дайны айдас биш аж. Түүний хэлснээр, олон цэргийн гэр бүл Европт дүрвэн гарч, эхнэр нөхөр хоёрын амьдралын зорилго өөр болж эхэлдэг байна.

Алферов “Эхнэр нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод, Европт үлдэхийг хүсдэг. Харин нөхөр нь Украинд өдөр бүр амь насаа эрсдэлд оруулан тулалдаж байдаг” гэж тайлбарлажээ. Мөн олон цэрэг дөрвөн жил шахам үргэлжилсэн дайны турш хангалттай амралт, сэлгээ авч чадахгүй байгаа нь ноцтой асуудал болсон аж.
Тэр “Орчин үеийн түүхэнд дөрвөн жил тасралтгүй, хангалттай сэлгээгүй тулалдсан арми бараг байхгүй” гэж хэлсэн байна. Алферовын үзэж байгаагаар “Армид гэнэт цэрэг болсон маш олон хүн бий. Хар тамхи бол тэдний зовлон биш. Энэ бол тэдний тусламж хүссэн хашгираан юм” гэж хэлжээ.
Психостимулятор ба опиоидын хэрэглээ өсөж байна
Украины армид сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хатуу хориглодог. Гэсэн ч дайны тав дахь жилдээ орсон өнөө үед психостимулятор болон опиоид төрлийн бодисын хэрэглээ нэмэгдэж буйг судалгаанууд харуулж байгаа аж.
Виктория Тимошевская “Идэвхтэй фронтод байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь ямар нэгэн төрлийн бодис хэрэглэж үзсэн туршлагатай байх магадлалтай. Үүнд хар тамхи, архи, эсвэл тэдгээрийн хослол орно” гэж мэдэгджээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ нь нийтлэг буюу бүх нийтийг хамарсан үзэгдэл гэсэн үг биш аж.
Тулааны үед хэрэглэвэл үхлийн аюултай
Зарим тохиолдолд цэргүүд нойргүй удаан хугацаанд харуул хийх, байлдааны чадвараа хадгалахын тулд сэргээш төрлийн бодис хэрэглэдэг байна. Алферов “Ийм бодис богино хугацаанд хүний хүч чадал, анхаарлыг хэд дахин нэмэгдүүлдэг мэт санагддаг. Гэхдээ энэ нөлөө удаан үргэлжилдэггүй” гэж тайлбарлажээ.
Тэрбээр ялангуяа синтетик төрлийн мансууруулах бодис (bath salts)-ын аюулыг онцлон анхааруулсан байна. Тэр “Хүн хурц паранойд орж, байхгүй зүйл сонсож, хий юм харж эхэлдэг. Ийм байдалтай дайнд амьд үлдэх бараг боломжгүй” гэж хэлжээ.
Түүний ажигласнаар, тогтмол хэрэглээтэй болсон цэргүүд алдаа гаргах нь ихэсч, олонх нь амь насаа алдах эрсдэлтэй байдаг аж.
Шийтгэхээс илүү эмчлэх шаардлагатай
Одоогийн байдлаар хар тамхины хамааралтай нь тогтоогдсон цэргүүд торгуулж, саатуулагдах, эрүүгийн хэрэг үүсгүүлэх, улмаар армийн албанаас халагдах эрсдэлтэй.
Мөн шархадсан, эсвэл амиа алдсан үед биеэс нь мансууруулах бодис илэрвэл нөхөн олговор, тэтгэмжийг хүчингүй болгох тохиолдол ч бий аж. Үүнээс болж олон цэрэг асуудлаа нууж, эмч сэтгэл зүйчид хандахаас зайлсхийдэг байна.
Тимошевская “Ялангуяа эрэгтэйчүүдийн дунд сэтгэлзүйн тусламж хүсэх нь сул доройн шинж гэсэн ойлголт одоо ч түгээмэл хэвээр байна” гэж хэлжээ.

Төрийн тусгай хөтөлбөр хэрэгтэй байна
Дмитрий бүрэн эмчлүүлээд, дахин алба хаах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тэр “Ялалтын туг мандуулах хүртэл би эрүүл мэндийн асуудалтай байсан ч үргэлжлүүлэн эх орноо хамгаалахыг хүсэж байна” гэжээ.
Тэрбээр армийн бүх шатны алба хаагчдад сар бүр заавал хар тамхины шинжилгээ хийдэг болох, мөн PTSD (дайны дараах стрессийн эмгэг), шарх, өвчин намдаах эмийн хамаарлыг хамтад нь эмчлэх төрийн тусгай олон салбарын эмнэлэг байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Асуудал армийн хүрээнээс хальжээ
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цэргийн албан хаагчдын дундах хамаарлын асуудал одоо зөвхөн армийн биш, нийгмийн хэмжээний асуудал болж хувирчээ.
Украины төр өмнө нь энэ асуудлыг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй байсан бол сүүлийн үед ахмад дайчдын бодлогод хар тамхины хамааралтай тэмцэх, урт хугацааны төрийн санхүүжилттэй эмчилгээ, дэмжлэг үзүүлэх заалтыг тусгаж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар энэ нь туршилтын хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж буй ч мэргэжилтнүүд ирээдүйд бүрэн хэмжээний эмнэлэг, нийгмийн хамгааллын тогтолцоо болон өргөжнө гэж найдаж байгаа аж. Тэдний үзэж буйгаар, энэ асуудлыг шийдвэрлэх үйл явц нь Орос-Украины дайнаас ч урт хугацаанд үргэлжилж болзошгүй юм байна.
Эх сурвалж: DW