Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр хурлын бэлтгэл ажлын явцтай танилцав.

Өнөөдрийн байдлаар COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дуусчээ. Авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байгаа аж. Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг мод шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4500 мод тарих ажлыг гүйцэтгэж буй юм байна.

Нийслэлээс хариуцаж байгаа ажлын хүрээнд COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг дуусчээ.

Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг өндөр түвшний олон улсын форум болох юм" гэж онцолжээ. Тус бага хуралд 196 орны 8-10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа аж.

COP17 хурал зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болох төлөвтэй байна.