Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин "Оросын цэргүүд зургадугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Украинд нийт 272 нисгэгчгүй төхөөрөмжөөр (дрон) халдсан" гэж мэдээлжээ.

Халдлагад "Шахед", "Гербера", "Италмас" төрлийн цохилтын дронууд, "Бандероль" хэмээх тэнүүчлэгч суман зэвсэг (loitering munition), мөн "Пародия" төрлийн хуурамч бай дронууд ашигласан аж.

Урьдчилсан мэдээллээр, өглөөний 08:00 цагийн байдлаар Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин улсын хойд, өмнөд болон зүүн бүсүүдэд нийт 249 дроныг саармагжуулжээ. Харин 19 цохилтын дрон 11 байршилд онож, мөн дроны хэлтэрхий 13 байршилд унасан байна.

Запорожьед хоёр хүн амиа алджээ

Запорожье мужийн цэргийн захиргааны дарга Иван Федоров "Мужид чухал болон аж үйлдвэрийн дэд бүтцийн объектууд халдлагад өртсөн" гэж мэдэгджээ. Халдлагад өртсөн нэгэн объектын хоёр ажилтан холбоо тасарч, дараа нь тэдний цогцсыг олсон байна.

Мөн зургадугаар сарын 6-ны өглөө Оросын тал Запорожье хотод дахин халджээ. Федоров "Дайсны дрон хотын нэг дүүрэгт байрлах орон сууцны ойролцоох автомашины зогсоолд гал гаргасан" гэж мэдээлжээ. Сүүлийн мэдээллээр энэ халдлагын улмаас таван хүн бэртэж гэмтсэн байна.

Днепропетровск мужид нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ

Днепропетровск мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжагийн мэдээлснээр, Оросын цэргүүд тус мужийн гурван дүүрэг рүү дрон болон их буугаар бараг 30 удаа довтолсон байна.

Кривой Рогийн дүүрэгт нэг хүн амиа алдаж, 64 болон 66 настай хоёр эрэгтэй, мөн 64 настай нэг эмэгтэй шархаджээ. Мөн дэд бүтэц болон нэгэн үйлдвэрт хохирол учирсан байна.

Үүнээс гадна Оросын цэргүүд Никополь болон Синельниково дүүргүүдэд цохилт өгсөн бөгөөд үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, захиргааны байр болон автомашинууд эвдэрч гэмтжээ.

Одесса мужид халдлага болжээ

Одесса мужийн цэргийн захиргааны дарга Олег Кипер "Мужид дроны халдлагын улмаас олон давхар орон сууцууд, хувийн эзэмшлийн байшин, эмнэлгийн төвийн нутаг дэвсгэр болон зочид буудлын барилга эвдэрсэн" гэж  мэдээлсэн байна.

Мөн чухал дэд бүтцийн нэг объект халдлагад өртжээ. Одоогийн байдлаар амиа алдсан болон шархадсан хүн бүртгэгдээгүй байгаа аж..

Эх сурвалж: DW