Европын 11 улс "Франц, Итали, Испани улсуудыг жил бүр олон зуун мянган орос жуулчин хүлээн авсаар байна" хэмээн шүүмжилсний дараа Европын Комисс (ЕК) ОХУ-ын иргэдэд виз олгох журмыг чангатгахаа амалжээ.

Европын Комиссын Цагаачлалын асуудал хариуцсан албан ёсны төлөөлөгч Маркус Ламмерт зургадугаар сарын 5-ны баасан гарагт "Гуравдагч орнуудын дайсагнасан үйл ажиллагаанаас үүдэлтэй аюулгүй байдлын эрсдэлийг цаашид бууруулахын тулд зорилтот хязгаарлалт бүхий визийн арга хэмжээ санал болгоно" гэж мэдэгдсэн байна. 

Шинэ саналыг ирэх онд танилцуулах тул 2026 оны зуны аяллын улиралд нөлөөлөхгүй аж. Мөн Европын Комисс уг арга хэмжээ хязгаарлагдмал хүрээнд хэрэгжихийг онцолжээ. Учир нь, виз олгох эрх нь ЕХ-ны гишүүн улс бүрийн бүрэн эрхэд хамаардаг бөгөөд Брюссель зөвхөн ерөнхий хяналт тавьдаг байна.

11 улсын хамтарсан захидал

Энэхүү мэдэгдэл нь Шведийн санаачилгаар Чех, Дани, Финланд, Эстони, Исланд, Латви, Литва, Нидерланд, Норвеги, Польш, Швед зэрэг 11 улсын Европын Комисст илгээсэн хамтарсан захидлын хариу болжээ. Исланд болон Норвеги ЕХ-ны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.

Захидалд Оросын Украинд хийж буй дайны эхэн үед баталсан, орос иргэдийн зайлшгүй бус зорчих зорилготой виз олголтыг хязгаарлах зөвлөмжүүдийг улс орнууд харилцан адилгүй хэрэгжүүлж буйг шүүмжилсэн байна.

Баримт бичигт "Ийм ялгаатай хэрэгжилт нь бидний нөлөөлөх боломжийг сулруулж, олон нийтийн итгэлийг бууруулж, шийдэмгий бөгөөд ойлгомжтой байр суурь шаардлагатай үед зөрчилтэй дохио илгээх эрсдэлтэй" гэж дурджээ.

Тэд шинэ, заавал мөрдөх хязгаарлалтын визийн арга хэмжээг аль болох хурдан хэрэгжүүлэх, 2022 оны зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, виз олголтын статистикийг тогтмол нийтлэхийг шаардсан байна.

Асуудлын цар хүрээ

Европын Комисс өөрийн байр суурийг хамгаалан тайлбарлахдаа "Оросын Украинд халдан довтлохоос өмнө орос иргэдэд жилд дөрвөн сая орчим Шенгений виз олгогддог байсан бол 2025 онд энэ тоо ойролцоогоор 500 мянга болж буурсан" гэж мэдэгджээ. Мөн олон удаагийн визийг ихэвчлэн нэг удаагийн визээр сольсон байна.

Гэвч Франц, Итали, Испани гэсэн гурван улс бусдаасаа эрс ялгарч байгаа аж. 2025 онд:

-Франц орос иргэдэд бараг 180 мянган виз,
-Итали бараг 160 мянган виз,
-Испани ойролцоогоор 100 мянган виз тус тус олгожээ.

11 улсын захидалд эдгээр улсыг шүүмжлэн "Оросын пуужин, дронууд Украины энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг онилсоор байхад улам олон орос жуулчин Европын наран шарлагын газар, амралтын бүсүүдэд амарч байгааг харах нь туйлын түгшүүртэй байна" гэжээ.

Эсрэг байр суурь

Шведийн санаачилгыг эсэргүүцэгчид их хэмжээний виз олголт нь томоохон улсууд жижиг орнуудаас илүү олон өргөдөл хүлээн авч боловсруулдагтай холбоотой гэж тайлбарласан байна.

Түүнчлэн жуулчны виз ЕХ-ны Москвагийн эсрэг хамтын бодлогыг сулруулдаг гэсэн байр суурийг тэд няцаажээ. Учир нь, дайны хариуцлага хүлээх ёстой орос иргэд хэдийнэ хориг арга хэмжээнд хамрагдсан гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: DW