Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газарт өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчид ноцтой сэжүүр илрүүлснээр одоогийн байдлаар тус газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөрдөн шалгалтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийг хамруулсан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулжээ.

Одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчилсан бөгөөд мөн нэр бүхий гаалийн байцаагч нарт яллах тогтоол үйлдэн, яллагдагчаар татан шалгаж байгааг талаар албаныхан мэдээлсэн. Тэд болон гаалийн бүрдүүлэлтэд оролцдог зарим этгээдүүд Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Мөрдөн шалгалт одоогоор үргэлжилж байгаа бөгөөд хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг нарийвчлан шалгаж буй юм байна.