Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум (ПЭЗФ)-ын нэгдсэн хуралдаан энэ жил улс төр, эдийн засгийн олон анхаарал татсан мэдэгдлээр дүүрэн болов. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь мөргөлдөөн, АНУ-тай харилцах харилцаа, Оросын эдийн засгийн төлөв байдал, дэлхийн шинэ дэг журмын талаар байр сууриа илэрхийлжээ.

Зеленскийн уулзах хүсэлтийн тухай
Хуралдааны үеэр Путин өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй мэдээллийг хуваалцжээ. Түүний хэлснээр, гурван долоо хоногийн өмнө Киевт очсон Оросын нэгэн бизнесмен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түүнтэй уулзах хүсэлтэй байгааг дамжуулсан байна.
Путин Орос улс хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй ч өмнөх Минскийн хэлэлцээрүүдийн адил үр дүнгүй уулзалтуудыг дахин давтах сонирхолгүй байгаагаа онцолжээ.
Мөн тэрбээр Зеленскийн ил захидлыг шүүмжилж, "Төрийн тэргүүний хувьд эрх мэдлээ хууль ёсны сонгуулиар баталгаажуулах ёстой" гэж мэдэгдсэн байна.

Трампын талаар
Форумын модератор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины мөргөлдөөнийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж чадах хүн мөн эсэхийг асуухад Путин сонирхолтой хариулт өгсөн байна.
Тэрбээр хэрэв Трамп 2020 оны сонгуулийн дараа эрх мэдлээ хадгалж үлдсэн бол Украины өнөөгийн мөргөлдөөн үүсэхгүй байх боломжтой байсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Оросын эдийн засаг аюулгүй гэж үзэв
Эдийн засгийн асуудлаар Путин "Хөрөнгө оруулагчид урт хугацааны төлөвийг хардаг бөгөөд Оросын эдийн засаг тогтвортой хэвээр байна" гэж мэдэгджээ. Түүний мэдээлснээр:
-Инфляц энэ онд 5.2 хувиас хэтрэхгүй,
-Ажилгүйдэл 2.2 хувь байгаа нь хөгжингүй орнуудын дундах хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг,
-Сүүлийн таван жилд бодит цалин 30 хувиар өссөн,
-Улсын өр ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байгаа аж.
Путин "Барууны хориг арга хэмжээнүүд Оросоос илүүтэйгээр тэдгээрийг хэрэгжүүлж буй орнуудад хохирол учруулж байна" гэж мөн мэдэгджээ.

АНУ-д өгсөн санал
Нефть, эрчим хүчний асуудлыг хөндөхдөө Путин "Аляскад шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхэд Оросын технологийг ашиглавал хоолой барихаас хавьгүй хямд тусна" гэж онцолжээ. Энэ нь АНУ-д чиглэсэн нэг төрлийн хамтын ажиллагааны санал гэж ажиглагчид үзэж байна.
Хятадтай харилцаа
Орос, Хятадын харилцааг "колони шинжтэй" гэж үзэж буйтай Путин санал огт нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, хоёр улс бүрэн эрх тэгш хамтран ажиллаж буй бөгөөд өндөр технологийн салбар дахь Оросын экспорт Хятадад тогтмол өссөөр байгаа аж.
Дэлхийн шинэ дэг журам ба БРИКС
Путин "Дэлхий дахин хөгжлийн шинэ шатанд шилжиж, барууны санхүүгийн төвүүдэд тулгуурласан хуучин тогтолцоо задран өөрчлөгдөж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр БРИКС-ийн орнуудын эдийн засгийн жин улам өсөн нэмэгдэж байгааг онцолж, сүүлийн таван жилд дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тал хувийг тус нэгдлийн орнууд бүрдүүлсэнийг тэмдэглэсэн байна.

Технологийн тусгаар тогтнол
Илтгэлийн төгсгөлд Путин хиймэл оюун ухаан, автономит системүүд, дижитал платформуудыг ирээдүйн гол технологиуд хэмээн нэрлэжээ.
Түүний үзэж буйгаар, өөрийн гэсэн технологийн платформ хөгжүүлж чадахгүй улс орнууд ирээдүйд "дижитал захын бүс" болж хоцрох эрсдэлтэй ажээ.
Путин "Жинхэнэ тусгаар тогтнол гэдэг үр ашигтай байж чаддаг байхыг хэлнэ" хэмээн үгээ өндөрлөсөн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI