Владимир Путин пүрэв гарагт Украин дахь дайны асуудлаарх хатуу байр сууриа хэвээр хадгалж, "Оросын цэргүүд байлдааны талбарт өдөр бүр давшиж байна" гэж мэдэгджээ. Гэвч тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энх тайвны талаар дэвшүүлсэн зарим санал нь Киевийн тал буулт хийхэд бэлэн бол дайныг зогсоох боломжтой" гэж хэлсэн байна.

Путин энэ мэдэгдлээ Оросын жил бүр зохион байгуулдаг эдийн засгийн томоохон форумын үеэр Reuters зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн редакторуудтай уулзахдаа хийсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Путинд хандан нээлттэй захидал нийтэлж, дайныг зогсоох талаар шууд уулзах санал тавьсан бөгөөд хэрэв Киевтэй хэлэлцээ хийхгүй бол тулалдаанаа үргэлжлүүлэхэд бэлэн болохоо анхааруулжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч "Путин уг захиаг мэдэж байгаа ч агуулгатай нь бүрэн танилцах боломж хараахан гараагүй" гэж мэдэгдэв. Харин Трамп "Хоёр удирдагч уулзвал сайхан хэрэг болно" гэж хэлсэн байна.

Европт Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их цус урсгасан хуурай замын дайны тав дахь жил үргэлжилж байгаа энэ үед Путин Орос улс хүн хүч, аж үйлдвэрийн нөөц, тууштай байдлын хувьд давуу гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Оросын арми сүүлийн үед Украины цэргүүдийг ойролцоогоор 2,500 км газар нутгаас шахан гаргасан байна. Мөн тэрбээр агаарын довтолгооноос хамгаалах системээ сайжруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрчээ. Учир нь, Украины дронуудын заналхийлэл нэмэгдэж байгаа аж.

Putin on Ukraine war, Trump, peace and power | Reuters

Барууны болон Украины цэргийн шинжээчид Оросын давшилт удааширсан, мөн Москва өөрийн зорилгод хүрэхэд хол байсаар байгааг онцолдог. Харин Путин илүү өөдрөг байр суурь илэрхийлжээ.

Тэрбээр “Довтолгоо өдөр бүр үргэлжилж байна. Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрийг 100 хувь бүрэн хяналтдаа авсан.

Мөн Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улсын 85 гаруй хувь, Запорожье мужийн 80 хувийг хяналтдаа оруулсан” гэж хэлсэн байна.

Эдгээр нь 2022 онд Москва өөрийн болгосон гэж зарласан ч Киев болон барууны ихэнх орнууд хууль бус эзлэн түрэмгийлэл гэж үздэг Украин дахь дөрвөн бүс нутгийн гурав нь юм.

Путин мөн “Ийм нөхцөлд Украины тал биднийг давшилтаа зогсоохыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг зогсоохоос илүүтэйгээр Аляскад болсон уулзалтын үеэр ярилцсан буултын үндсэн дээр дайныг бүрэн зогсоох нь дээр” гэж хэлсэн байна.

Тэрбээр энэ нь өнгөрсөн жил АНУ-ын Аляска мужид Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтыг хэлж буйг тодруулжээ.

Эх сурвалж: REUTERS