Нэгэн цагт барууны улс төр, бизнесийн удирдагчид, хөрөнгө оруулагчдын уулзалтын гол талбар байсан Оросын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF) энэ жил ер бусын бүрэлдэхүүнтэй америк зочдыг хүлээн авчээ. Тэдний дунд Америкийн консерватив үзэлтэй подкастер Кэндис Оуэнс, АНУ-ын Дүрслэх урлагийн комиссын дарга Родни Мимс Күүк Жр. болон жүжигчин Стивен Сигал нар багтсан байна.

Форум эхлэхээс хэдхэн цагийн өмнө Украины дроны халдлага Оросын хоёр дахь том хот, Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн нутаг болох Санкт-Петербургийг онилсон нь арга хэмжээний уур амьсгалд нөлөөлжээ. Украинчууд форумд оролцоогүй ч тэдний нөлөө мэдрэгдсэн гэж ажиглагчид онцолсон байна.

“Оросын Давос” барууны оролцогчдоо алджээ

Путины “Давост өгсөн Оросын хариулт” хэмээн нэрлэгддэг уг форумд Орос улс 2014 онд Крымыг өөртөө нэгтгэж, 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш барууны оролцогчдын тоо эрс буурсан байна.

Энэ жилийн форумын хүндэт зочноор Саудын Араб улс оролцож буй аж. Саудын Арабын Эрчим хүчний сайд Путинтэй хамт баасан гаргийн нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөжээ. Мөн БНХАУ-ын дэд дарга Хан Жэн томоохон төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирсэн нь Москва дорнын орнуудтай харилцаагаа эрчимжүүлж буйг харуулсан байна.

Трампын томилсон төлөөлөгчид олны анхаарлыг татав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон Родни Мимс Күүк форумд оролцсон АНУ-ын анхны албан ёсны төлөөлөгчөөр нэрлэгдэж байна. Кремль түүнийг олон жилийн дараах SPIEF-д оролцож буй АНУ-ын анхны албан ёсны төлөөлөгчдийн тэргүүн хэмээн онцлон сурталчилжээ.

Күүк Оросын төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Трамп болон АНУ-ын Төрийн департаментын зөвшөөрөлтэйгээр Орост ирсэн" гэж мэдэгдсэн байна. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сенатын сонсголын үеэр "ийм албан ёсны төлөөлөгчдийн талаар мэдэхгүй" гэж мэдэгджээ.

“Орос-Америкийн соёлын яриа хэлэлцээ”

Күүк форумын хүрээнд зохион байгуулагдсан “Орос-Америкийн соёлын яриа хэлэлцээ” сэдэвт хэлэлцүүлэгт Стивен Сигал болон ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова нартай хамт оролцжээ.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Атланта дахь өөрийн байшингийн зургийг үзүүлж, түүнийг орос уламжлалт модон сууцны хэв маягаар барьсан талаар онцлон ярьсан аж. Күүк мөн Оросын архитектор Антон Гликинийг өөрийн “орос хүү” хэмээн нэрлэж, олон жил хамтран ажилласан тухайгаа дурдсан байна.

Барууны шинэ шилжин суурьшигчдад зориулсан төсөл

Архитектор Антон Гликин форумын үеэр Оросын “нийтлэг үнэт зүйлсийн виз”-ээр ирэх барууны 450 цагаачид зориулсан суурингийн төслийг удирдаж байгаагаа танилцуулжээ. Энэхүү визийг 2024 онд Путины гаргасан зарлигаар бий болгосон бөгөөд Оросын уламжлалт үнэт зүйлсийг дэмжигч гадаадын иргэдэд зориулагдсан байна.

Бизнесийн хамтын ажиллагааны тухай яриа

Форумын үеэр Украин дахь дайны асуудал шууд хөндөгдөөгүй ч Орос дахь Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгч Роберт Эйжи хоёр улсын хоорондын үл ойлголцол, үл итгэлцэл түүхэн дээд түвшинд хүрснийг онцолжээ.

Тэрбээр Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевтэй олон их наяд ам.долларын төсөл хэлэлцэж ирснээ дурдсан ч хоёр улсын харилцаа сайжрахгүйгээр эдгээр санаачилга хэрэгжих боломжгүй гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан долдугаар сарын 1-нд Москва хотод Орос, Америкийн хоккейчдийн нөхөрсөг тоглолт зохион байгуулагдах талаар мэдэгдсэн байна.

Стивен Сигалын мөрөөдөл

Russian President Vladimir Putin gives the Order of Friendship to US actor Steven Seagal at the Kremlin in Moscow, on May 30, 2024.

2016 онд Путины гараас Оросын иргэншил хүртсэн Стивен Сигал форумын үеэр "Орос, Америкийн харилцааг ойртуулах нь өөрийн мөрөөдөл" гэж мэдэгджээ. Тэрбээр Орост тогтмол зочилдог бөгөөд 2024 онд Путинээс "Найрамдлын одон" хүртсэн билээ.

Кэндис Оуэнсийн анхны айлчлал

Форумын хамгийн гэнэтийн зочдын нэг нь Кэндис Оуэнс байв. Тэрбээр гэр бүлийн үнэт зүйлсийн талаархи хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд түүний  хувьд Орост хийж буй анхны айлчлал аж.

Москва хотод нөхөр, хүүхдүүдийнхээ хамт хэд хоног аялсны дараа Санкт-Петербургт ирсэн Оуэнс Украинд үзүүлж буй АНУ-ын санхүүгийн дэмжлэгийг шүүмжилж, “Америкчууд мөнгө хаашаа зарцуулагдаж байгааг мэдэхгүйгээр санхүүжилт хийхээс залхаж байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Путинд Америкийн төлөөлөгчидтэй уулзах төлөвлөгөө байхгүй

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Путинд форумд оролцож буй америк зочидтой уулзах төлөвлөгөө байхгүй" гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ өөрийгөө эмэгтэйчүүдийг үзэн ядагч хэмээн тодорхойлдог, цахим нөлөөлөгч Эндрю Тейт болон түүний дүү Тристан Тейт нар энэ долоо хоногт Орост ирснээ мэдэгдсэн ч эдийн засгийн форумд оролцож байгаа эсэх нь одоогийн байлаар тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN