Холбооны эрх баригчид ням гарагт "Ньюарк Либерти" олон улсын нисэх буудалд газардсан “United Airlines”-ийн зорчигч тээврийн онгоц буух үеэр Нью Жерси мужийн хурдны замын хажуугийн гэрлийн шон мөргөсөн хэрэг гарсны дараа мөрдөн шалгалт явуулж эхэлжээ.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны мэдээлснээр, “United Airlines” компанийн 169 дүгээр нислэгтэй холбоотой уг осол ням гаргийн үдээс хойш болжээ. “Бойнг 767” загварын онгоц Италийн Венец хотоос ирж байсан бөгөөд аюулгүй газардсан байна.

Агаарын тээврийн компанийн дараа гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 169-р нислэг Ньюарк хотод газардах үедээ “гэрлийн шон шүргэсэн” аж. Нисэх буудлыг удирддаг Нью-Йорк ба Нью Жерсигийн Боомтын Захиргааны албаныхан, онгоц тухайн үед нэгэн объект мөргөсөн бөгөөд хурдны замаар явж байсан хүргэлтийн ачааны машин мөн гэмтсэнийг баталжээ.

Боомтын захиргаанаас мэдээлснээр, ачааны машины жолооч бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн, удалгүй эмнэлгээс гарсан байна. Мөн онгоцонд бага зэргийн гэмтэл учирсан бөгөөд нисэх буудлын ажилтнууд хөөрч, буух зурваст хог хаягдал байгаа эсэхийг шалгасны дараа нислэгийн хэвийн ажиллагаа богино хугацаанд сэргэжээ.

“United Airlines” компанийн засвар үйлчилгээний баг онгоцны гэмтлийг шалгаж буй бөгөөд нислэгийн багийн гишүүдийг түр хугацаанд үүргээс нь чөлөөлөн, “нарийн шалгалт бүхий нислэгийн аюулгүй байдлын мөрдөн шалгалт” явуулж байгаа талаар мэдэгджээ.

Эх сурвалж: AP
М.МИЛЕНА