УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан хууль чуулганаар эцэслэн батлагдлаа. Тэрбээр "Хөрөнгө оруулагчдад ээлтэй, төрийн дарамтгүй бизнесийн орчин бүрдэхэд түлхэц болно" гэж хэлэв. Түүний баяр суурийг хүргэе.
Сүүлийн жилүүдэд төрөөс стратегийн ач холбогдолтой гэж нэрлэгдэх уул уурхайн салбарын 4 компанид, төмөр замын тээврийн 1 компанид, мөн ДЦС-4-д онцгой дэглэм тогтоож байсан. Эдгээрийн зарим тохиолдолд хувийн өмчийн халдашгүй байдалд эрсдэл учирсан. Тухайлбал:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 26.5 хувь нь иргэд болон хувийн хэвшлийн өмчлөлд байсан;
-“Тавантолгой төмөр зам” ХК нь олон талын өмчийн оролцоотой бүтэцтэй байсан.
-Тавантолгой ХК-ийн тодорхой хувийг Канадууд эзэмшиж байсан.
1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар төр хувийн хэвшлийн компанид ч онцгой дэглэм тогтоох эрх нь нээлттэй байна. Үүнээс шалтгаалж хувийн хэвшлийн ААН-үүдэд “хэзээ манай компанид онцгой дэглэм тогтоох бол?” гэсэн айдас бий болсон. Энэ нь зөвхөн бизнесийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй.
Монгол Улсын бизнесийн орчинд төрийн оролцоо нэмэгдэж байгаа тухай эрсдлийг олон улсын байгууллагууд тайландаа дурдаж л байсан. Монголд хөрөнгө оруулбал ЗГ нь онцгой дэглэм тогтоогоод удирдаад явчихдаг гэсэн таагүй мессеж олон улсад хүрвэл юу болох вэ?
Тиймээс уг хуулийг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд өндөр нөлөө үзүүлэхгүй байж болох ч, хөрөнгө оруулалтанд саад болох эрсдлийг бууруулж, хувийн өмчийг хамгаална.
"ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬД ХАРШИЛЖ БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ УГ ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭЭД БАЙВАЛ ЭРХ ЗҮЙТ ТОГТОЛЦОО ГАЖУУДАХ ТУЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ
ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗСЭН"
Монгол Улсын Үндсэн хуульд өмч эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хөдөлмөр эрхлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан байдаг. Үүнээс гадна Монгол дахь ААН-үүдийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хууль, Компаний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэх мэт олон хууль тогтоомжоор зохицуулагдаж буй.
Гэтэл онцгой дэглэмийн үед компанийн удирдлагыг төрөөс шууд өөрчлөх, бүтэц, орон тоог дангаар шинэчлэх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хязгаарлах, гэрээ, хэлцлийг шууд цуцлах, ажилтнуудыг бөөнөөр чөлөөлөх зэрэг үйлдлүүд хийгдсэн. Тухайлбал,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ажлаас чөлөөлөгдсөн ажилчдын олонх буюу 60 орчим нь шүүхэд хандсан боловч 3 тохиолдлоос бусад нь ердийн хөдөлмөрийн эрх зүйн хамгаалалт үйлчлэхгүй гэх үндэслэлээр хэрэг нь буцаагдсан тохиолдлууд гарсан. Өөрөөр хэлбэл онцгой дэглэмийн дараах шүүхийн маргаанд БНМАУ-ын ЗГ-т эрх олгох тухай хууль давж үйлчилсэн гэсэн үг.
Төрийн аудитын ерөнхий газрын 2020 оны тайланд төрийн өмчит компаниудын 42 хувь нь Засгийн газрын шууд чиглэлийн дагуу шийдвэр гаргасан гэж дурдагдсан. Өөрөөр хэлбэл ТӨК-ууд бие даасан үйл ажиллагаа эрхэлж чадахгүй байна. Үүнд ч БЭТ-ийн хууль өндөр нөлөө үзүүлсэн байж болзошгүй.
Иймд уг хуулийг хүчингүй болгосноор хөдөлмөрийн маргаан, өмчийн маргаан, компанийн удирдлагын асуудал нь бусад хуулиар зохицуулагдах нөхцлийг бүрдүүлж, ОУ-ын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эрхзүйн орчинг хамгаалах чухал ач холбогдолтой.
"ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООСНЫ ХҮЧИНД ТӨК-ИЙН ОРЛОГО, АШИГ НЭМЭГДСЭН ГЭЖ ДҮГНЭХ НЬ ЗӨВ БИШ. УЧИР НЬ ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ НЭН ТААТАЙ БАЙСАН"
Сүүлийн жилүүдэд онцгой дэглэм тогтоосон зарим компанийн орлого, ашиг өссөн нь үнэн боловч энэ өсөлтийг зөвхөн БЭТ болон онцгой дэглэмтэй холбон тайлбарлах нь учир дутагдалтай. Жишээ нь:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого 2022 онд 3.6 их наяд төгрөг байсан бол 2023 онд 9.6 их наяд төгрөг болж өссөн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2018 онд 2.09 их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2022 онд орлого нь 3.74 их наяд төгрөгт хүрсэн. ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоосон тухайн үед дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ түүхэн дээд түвшинд хүрч, Австралийн FOB үнэ зарим үед 400 ам.доллар давсан.
Мөн БНХАУ цар тахлын дараа нүүрсний импортоо огцом нэмэгдүүлж, Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосон тухайн үед зэсийн дэлхийн зах зээлийн үнэ тонн тутамд 4,800 ам.доллараас 9,000-10,000 ам.долларт хүрч өссөн. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн нь зэсийн эрэлтийг дэлхий даяар өсгөсөн.
“Монголросцветмет” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосон 2020-2021 оны үед ч төмрийн хүдэр, алтны дэлхийн зах зээл дэх үнэ өссөн нь экспортын орлогыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр компанийн ашиг, орлогын өсөлт нь дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, экспортын эрэлт, БНХАУ-ын импортын сэргэлт зэрэг гадаад зах зээлийн нэн таатай үеийн мөчлөгөөс илүү хамаарч буй тул үүнийг БЭТ, онцгой дэглэмийн сайн нөлөө гэж тайлбарлах нь өрөөсгөл.
Эсрэгээрээ муу ажилласан гэж дүгнэгдэж буй ТӨК-иудын ТУЗ, гүйцэтгэх удирдлага хариуцлага хүлээгээгүй. Иймд БНМАУ-ын ЗГ-т эрх олгох тухай хууль ТӨК-уудын удирдлагыг хариуцлагаас мултлах халхавч байж болохгүй. Цаашид төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, мэргэжлийн удирдлагатай, улс төрөөс хараат бус засаглалтай болгон хөгжүүлэх нь чухал.
"ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ 1991 ОНЫ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ЭРС ӨӨР"
Монгол Улс 1990-ээд оны эхэнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих үед үйлдвэр, зарим байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, хүнсний болон шатахууны хомсдол, мөнгөний ханшийн огцом уналт зэрэг хямрал үүсэж байв. Энэхүү нөхцөл байдлыг үнэлж хариу арга хэмжээ авах зорилгоор БНМАУ-ын Бага Хурал 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баталжээ.
Уг хуулиар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, байгууллагад онцгой дэглэм тогтоож, 6 сар хүртэл хугацаагаар өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхтэй болсон. Ингэснээр тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, үйлдвэрлэл, хангамжийг сэргээх чиглэлээр арга хэмжээ авах боломж нээгдсэн байдаг. Энэхүү зохицуулалт нь 1990-ээд оны хямралын үед тодорхой үр дүнгээ өгч, нэн шаардлагатай үйлдвэрүүдийн тасралтгүй ажиллагааг хангахад үүргээ гүйцэтгэсэн билээ.
Гэтэл өнөөдөр Монгол Улсын улс төр, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо 1991 оныхоос эрс ялгаатай болсон. 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс ардчилсан, хууль дээдэлсэн, зах зээлийн өрсөлдөөнт эдийн засаг бүхий улс болсон бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компаний тухай, Хөдөлмөрийн тухай, Аудитын тухай, Нягтлан болох бүртгэлийн тухай гэх мэт маш олон хуулиар зохицуулж байна.
Хэрэв хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдсан бол түүнд хариуцлага тооцох ТУЗ, аудит, шүүх, хууль, хяналтын тогтолцоо бүрэн бий. Иймд тогтолцоогоо сайжруулан ажиллуулахгүйгээр 1991 оны хуулийг шууд хэрэглэх нь ЗГ хариуцлага алдсан этгээдүүдийг хамгаалж буй далд хэлбэр. БНМАУ-ын ЗГ-т эрх олгох тухай хууль тодорч, бусад бүх хууль, тогтоомж бүдгэрэх гажуудлыг үүсгэж байна.
"ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛЫГ АРИЛГАЖ, ИРЭЭДҮЙД ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЛАА"
1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоох эрхийг зөвхөн БНМАУ-ын Засгийн газарт олгосон байна. Гэвч 1992 оны Үндсэн хуулиар улсын нэрийг Монгол Улс хэмээн тунхаглаж БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг баталж нийгмийн шилжилтийг эрх зүйн хувьд хийсэн.
Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүнээс үзвэл БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй.
Мөн энэхүү хуульд үйлдвэрийн газар, байгууллага хэмээх нэр томьёо хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага зэрэг чөлөөт өрсөлдөөнт нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүрдээгүй байсан тул төрийн өмчит үйлдвэрийн газар, байгууллагыг заасан нь илэрхий байв.
Харин өнөө үед Монгол Улсад компани, хоршоо, нөхөрлөл, сан, холбоо зэрэг өөр өөр эрх зүйн хэлбэртэй хуулийн этгээд үүссэн тул уг нэр томьёо нь хууль зүйн хувьд тодорхой бус байна.
Гэтэл Засгийн газар энэ нэр томьёог өргөтгөн тайлбарлаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компанид онцгой дэглэм тогтоох үндэслэл болгон ашиглаж ирсэн нь хууль зүйн тодорхойгүй байдлыг улам гүнзгийрүүлж, компанийн засаглалд захиргааны хяналт давамгайлах нөхцөл үүсгэж байна. Үүгээр ч тогтохгүй уг хуулийн зохицуулалтууд нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчлөх, өмчөө захиран зарцуулах зэрэг эрхэд хязгаарлалт болохоор байна.