Авлигатай тэмцэх газраас түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.
Тус албан бичигт зорчих чиглэл, замын маршрутыг тодорхой болгох, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх, 18 нас хүрээгүй иргэд ашиглах боломжийг хязгаарлах, явган хүний замаар зорчуулахгүй байх техникийн шийдэл нэвтрүүлэх, бүртгэлжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах зэрэг шаардлагыг тусгасан байна.
Дээрх нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлсний дараа түрээсийн мопед, скутерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.