ОХУ-ын өөртөө нэгтгэсэн Крымийн хойгт зургадугаар сарын 4-нөөс эхлэн хэд хоногийн хугацаанд бензиний чөлөөт худалдааг бүрэн зогсоосон байна. Крымийн удирдагч Сергей Аксенов Telegram хуудсаараа дамжуулан "Чөлөөтэй худалдаалагддаг түлшний талон байхгүй, ойрын хугацаанд нөхцөл сайжрахгүй" гэж мэдээлжээ.
Шатахууны хомсдлын улмаас ийм шийдвэр гарсан бөгөөд өмнө нь авсан талоноор нэг хүнд 20 литр хүртэл бензин олгох зохицуулалт үйлчилж буй юм байна. Мөн шатахуун түгээх станцууд дээр орон нутгийн албаныхан ажиллаж, түлш авч буй автомашины дугаарыг бүртгэж байгаа аж.
Аксеновын мэдээлснээр, нийтийн үйлчилгээ, түргэн тусламж, хүчний байгууллагууд болон нийтийн тээвэр шатахуунаар бүрэн хангагдсан бөгөөд төрийн байгууллагууд автомашины хэрэглээг эрс багасгаж, зарим яам нэг л машин ашиглах хүртэл зохицуулалт хийжээ.
Мөн тэрбээр Севастополь хотын удирдлагатай хамтран хязгаарлалтыг зохицуулж байгаа талаар нэмж хэлсэн байна.
Сэтгүүлчдийн мэдээлснээр, Оросын дор хаяж 14 бүс нутаг болон Крымд бензиний хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд зарим газарт нэг хүнд 50 литрийн лимит тогтоож, шатахуун саванд авахыг хүртэл хориглосон байна.
Оросын эрх баригчид зарим газрын тос боловсруулах үйлдвэрт төлөвлөгөөт бус засвар хийгдсэнээс шалтгаалан газрын тосны олборлолт буурсаныг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: DW