Оросын зэвсэгт хүчин Украинд дроны халдлага үйлдсэний улмаас Запорожье, Конотоп болон Херсон хотуудад энгийн иргэд хохирчээ.
Запорожье хотод орон сууцны хорооллыг онилсон дроны цохилтын улмаас олон давхар байр болон ойролцоох автомашинууд эвдэрчээ. Запорожье мужийн захиргааны дарга Иван Фёдоровын мэдээлснээр, 44 настай эмэгтэй амиа алдаж, 11 хүн янз бүрийн байдлаар шархадсан байна.
Конотоп хотын дарга Артём Семенихин "Сумы мужийн Конотоп хотод орон сууц болон иргэний дэд бүтцэд дроны цохилт өгсний улмаас дор хаяж таван хүн шархадлаа" гэж мэдээлжээ.
Түүний хэлснээр, халдлагын үеэр нэгэн хувийн байшинд байсан хоёр том хүн, гурван хүүхэд галд өртөж, хүүхдүүдийг ээжийнх нь хамт эмнэлэгт хүргэсэн байна. Мөн уг довтолгооны улмаас тус хот ус, цахилгааны хангамжийн доголдолд оржээ.
Херсон мужийн захиргааны дарга Олександр Прокудин "Херсон хотод оройн цагаар 75 настай эрэгтэй дроны цохилтын улмаас амь үрэгдсэн" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр уг халдлагыг “энгийн иргэдийн эсрэг хийсэн довтолгоо” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: DW