ОХУ-ын Зэвсэгт хүчин Днепропетровск муж руу хийсэн довтолгооны улмаас нэг хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсаны дотор дөрвөн хүүхэд байжээ. Мөн тус мужийн таван дүүрэгт пуужин, нисгэгчгүй онгоц (дрон) болон их буу ашиглан 30 гаруй удаагийн цохилт өгсөн талаар Днепропетровск мужийн цэргийн захиргааны тэргүүн Александр Ганжа ням гараг (2026.05.03)-т Telegram сувгаараа мэдээлсэн байна.
Днепр хотод нэг хүн нас барж, 11 хүн шархаджээ. Оюутны дотуур байр, их сургуулийн захиргааны барилга, бизнес төв, орон сууцнууд, аж ахуйн барилга болон автомашинууд гэмтсэн байна. Мөн Днепр дүүрэгт байрлах нэгэн фермерийн аж ахуйн нутаг дэвсгэр дээр гал гарчээ.
Мужийн олон сууринд хийсэн довтолгоо
Криничанская сууринд зургаан хүн шархадсан бол дөрвөн ачааны машин болон нэг автобус гэмтжээ. Кривой Рог хотод зургаан хүн шархдаж, олон давхар барилгад гал гарсан байна. Никополь дүүрэгт 79 настай эмэгтэй шархдаж, амбулаториор эмчлүүлж байгаа аж.
Никополь, Мировская, Покровская, Марганецкая болон Червоногригоровская суурингууд ч халдлагад өртжээ. Нийт долоон орон сууцны олон давхар барилга болон хоёр хувийн байшин гэмтсэн байна. Межевская буюу Синельниковск дүүрэгт 63 настай эрэгтэй шархдаж, хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Мөн хувийн байшин шатсан аж.
Украины Агаарын цэрэг: Ихэнх дрон, пуужинг устгасан
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн мэдэгдсэнээр, тавдугаар сарын 3-нд: 234 дроноос 175-ыг нь устгаж, саармагжуулжээ. Мөн Х-59 ба Х-69 төрлийн таван пуужинг устгасан аж. Энэ үеэр “Искандер-М” баллистик пуужинг ашигласан довтолгоонууд бүртгэгдсэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: DW
М.МИЛЕНА