Владимир Зеленский өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн захидал-даа Владимир Путинд хандан Украин-Оросын мөргөлдөөнийг дуусгах санал дэвшүүлжээ. Тэрбээр захидалдаа: “Украин улс дайныг Та бид хоёрын хооронд шууд хэлэлцэн дуусгахыг санал болгож байна” хэмээн бичсэн байна.

Зеленскийн мэдэгдсэнээр, Украин улс “бүгдийг бүгдээр нь” зарчмаар олзны хүмүүсийг солилцох, мөн энхийн хэлэлцээний хугацаанд гал бүрэн зогсооход бэлэн байгаа аж. Харин тэрбээр Москва хотод очиж уулзахаас татгалзаж, уулзалтыг гуравдагч улсад зохион байгуулахыг санал болгосон байна. Түүний үзэж буйгаар, уг уулзалтад Европ болон АНУ оролцох ёстой аж.

Зеленский захидалдаа “Дайн Европт үргэлжилж байгаа учраас Украинд аюулгүй байдлын баталгаа шаардлагатай. Мөн Та ч гэсэн аюулгүй байдлын баталгаа хүсэж байгаа. Иймээс бодит баталгаа гаргаж чадах талуудын оролцоо логик алхам гэж үзэж байна” гэжээ.

Түүнчлэн АНУ бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бүрдүүлэх үйл явцад оролцож, гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байх ёстой" гэж үзэж буйгаа бичсэн байна.

Кремлийн мэдээлснээр, Зеленскийн захидлыг хүлээн авсан боловч Путин одоогийн байдлаар түүнтэй бүрэн танилцаж амжаагүй байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путин өмнө нь Москва хотод уулзахад үргэлж бэлэн гэдгээ олон удаа илэрхийлсэн талаар мэдэгджээ.

Үүнээс өмнө Путин олон улсын мэдээллийн агентлагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ "Зеленскийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн өмнө дууссан" гэж онцлоод, "Орос улс зөвхөн хууль ёсны эрх бүхий этгээдтэй албан ёсны баримт бичиг байгуулах боломжтой" гэж мэдэгдэж байв.

Түүний хэлснээр, энхийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн асуудлыг хуульчид шийдвэрлэх шаардлагатай ч Москва ямар ч тохиолдолд Украин талаас шаардлагатай бүрэн эрхтэй төлөөлөгчийг олно гэж үзэж байгаа аж.

Путин "Хамгийн чухал зүйл нь Киевийн улс төрийн хүсэл эрмэлзэл болон харилцан буулт хийх бэлэн байдал" гэж тэмдэглэсэн байна. Мөн Оросын тал АНУ-тай өмнө нь тохиролцсон зарчмуудыг хэлэлцээний үндэс болговол харилцан буулт хийхэд бэлэн болохоо илэрхийлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI