ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА) Крымд Севастополийн 1963 онд төрсөн, 63 настай оршин суугчийг Украины Аюулгүй байдлын алба (УАБА)-нд Оросын цэргийн албан хаагчдын мэдээллийг дамжуулсан хэргээр баривчилсан талаар мэдэгджээ.

ХАБА-ны Олон нийттэй харилцах төвөөс “ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Крымийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт Севастополийн оршин суугчийн төрийн эсрэг тагнуулын шинжтэй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон. Тухайн этгээдийг ажиллагааны явцад баривчилсан” гэж мэдээлсэн байна.

Мөрдөн шалгалтаар тэрбээр Украины Аюулгүй байдлын албаны ажилтны нууц хамтын ажиллагаанд татагдсан. Түүний даалгавраар ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн албан хаагчдын талаарх мэдээллийг Украины тусгай албанд дамжуулсан нь тогтоогджээ. Мөн цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн тээврийн хэрэгсэлд хяналт тавих зорилгоор тандан судалгаа хийхээр төлөвлөж байсан гэж ХАБА мэдээлсэн байна.

Сэжигтэн нь мессенжер WhatsApp-аар дамжуулан Украины тусгай албанд элссэн, улмаар хамтран ажилласнаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ашигласан харилцааны сувгууд болон мэдээлэл цуглуулах, дамжуулах даалгавруудын талаар мэдүүлэг өгчээ.

ОХУ-ын Крым болон Севастополь дахь ХАБА-ны мөрдөн шалгах хэлтэс тус хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 275 дугаар зүйл (төрийн урвалт)-ээр хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангиаар бүх насаар нь хорих хүртэл ял оноох боломжтой юм. Шүүхийн шийдвэрээр сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

ХАБА мөн Украины тусгай албад интернэт, нийгмийн сүлжээ болон Telegram, WhatsApp зэрэг гадаад мессенжерүүдээр дамжуулан ОХУ-ын аюулгүй байдалд хохирол учруулах боломжтой этгээдүүдийг идэвхтэй хайж буйг анхааруулж, “Эсрэг талд тусалсан бүх этгээд зохих хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS