УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026.06.04-ний пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна.   
    
Улсын Их Хурлаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг 2002 онд баталжээ.

Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1961 онд баталсан Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц, 1971 онд баталсан Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, 1988 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид нэгдэн орсон  бөгөөд тус асуудлаарх дотоодын хууль тогтоомжийг эдгээр конвенцид нийцүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.4.1.9-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах,

мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой бүхий л үйл ажиллагааг төрийн хяналтад авч, уг үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлүүлэх, мансуурах донтой хүнд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донг эрт илрүүлэх, эмчлэх, хяналтад авах, нийгэмшүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж заасан. 

Уг арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 онд боловсруулахаар тусгасан байна. 
 
Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 2422 хүн холбогдсон байх ба үүний 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш насны хүн тус тус эзэлжээ.

Үүний зэрэгцээ энэ төрлийн зөрчил 2017-2025 онд нийт 2018 зөрчил бүртгэгдэж, үүнд 1976 хүн холбогдсон ба үүний 20,9 хувийг 13-17 насны, 50,6 хувийг 18-25 насны, 21,6 хувийг 18-35 насны хүүхэд залуучууд тус тус эзэлсэн бол 6.8 хувийг 36-аас дээш насны иргэд эзэлжээ.

2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар тус тус өссөн байна.

2006-2010 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын төрөлтэй холбоотой гэмт хэрэг эзэлж байсан бол 2011 оноос химийн аргаар боловсруулсан буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт синтетик бодис болон урвуулан хэрэглэж мансуурах боломжтой эм илэрч, эдгээрийг хэрэглэсний улмаас хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар буй юм. 

Тухайлбал, 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас нас барсан 26, энгийн эм /Тебантин/-ийг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэсний улмаас нас барсан 11, мөн ахуйн хэрэглээний газ хэрэглэсний улмаас нас барсан 12, нийт 49 тохиолдол бүртгэгджээ.  

Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис буюу каннабис 587 кг, гашиш 9,379 гр, мөс 12,511 гр, экстази 247 ширхэг, JWH-018 (ADB-Butanica) 840 мл, CBD-OIL 376 мл, THC агууламжтай чихэр 61 ширхэг, LSD 1328 ширхэг, DXM 1,059 гр, 146 ширхэг, Мими 11,050 гр, тебантин эм 7091 ширхэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм 3,631 ширхэг, 261 гр, еfetrin hidroklorur 500 гр,  геройн 200 гр, DHG 10 ширхэг, pinaca 15 мл   зэргээр хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тунтай тэнцэхээр байгаа аж.
 
Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн.

Монгол Улсын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой зохицуулсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулах нь тодорхой бус байгааг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн холбогдох байгууллага бүртгэлийн үндсэн дээр төрийн хяналт дор явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. 

Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болон хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг оновчтой, үр дүнтэй болгох, тэдгээрт эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, эдгээр үйл ажиллагааг зохион байгуулах тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийн зохицуулалтыг мөн боловсронгуй болгох, уялдуулах шаардлагатай болжээ. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гишүүн улс бүр мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүний хор уршгийг арилгах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатайг сануулж, энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэхийг зөвлөсөн байдаг. 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус наймааНэгдсэн Үндэстний Байгууллагын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцид заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, хүний эрүүл мэнд, амь нас, улмаар хүний удмын сан, улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд аюул, занал учруулах шинжтэй болж байгаа аж.

Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэмжээ, үйлдлийн хор уршиг болон бусад обьектив талыг харгалзан зөрчил, гэмт хэргийн шинжийг тодорхой тогтоож, хүлээлгэх хариуцлага, ял шийтгэлийн бодлогыг ялгамжтай болгох шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. 

Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, хар тамхинд донтсон хүнд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон, мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц.

Зүй бус эргэлтийн эрсдэлт байдал их, түүнчлэн олон улсын гэрээнд заагдаагүй шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис ихсэж, хэрэглэгдэх болсон, шинэ төрлийн бодис нь олон улсын гэрээнд заасан жагсаалтад байхгүй гэдэг үндэслэлээр гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдалтай байсаар байгаа юм. 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр тогтоол гарсан ба тус тогтоолд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,

гэмт хэргийн шалтгаан, үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэм этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад объектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангаруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан яаралтайгаар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/386 дугаар тушаалаар байгуулагдсан тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог Хууль зүйн үндэсний хүрээлэнд захиалан хийлгэжээ. 

Тус ажлын хэсгээс судалгааг үндэслэн, түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, гарч буй хүндрэлт байдал, бусад шаардлагатай нөхцөл байдлыг тодорхойлохыг зорьж, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдтэй, тухайлбал, эм, эмнэлгийн хэрэгсэл, гааль, хил хамгаалах, шүүх шинжилгээ, байгаль орчин, мал, амьтны эм зэрэг бусад холбогдох асуудал хариуцсан газрын мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж, асуудлыг тодруулан ажиллаж хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулсан байна.  

Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаар захирамжаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсэг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/386 дугаар тушаалаар байгуулагдсан, тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төсөлтэй танилцжээ. 

Дээрх Ажлын хэсгүүд хамтран тус хуулийн төслийг эцэслэн боловсруулж ажилласан байна.

Хуулийн төсөл нь 11 бүлэг 74 зүйлтэйгээр боловсруулагдсан ба хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд:

1. Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, бодисын ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлахаар, ангиллыг хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй бодис гэсэн 3 ангилалтай байхаар, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ авах, жагсаалт, ангиллыг жил тутам шинэчилж байх зохицуулалт;

2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ангиллаас хамааран тухайн бодисын хууль ёсны эргэлт, тэдгээрт тавигдах шаардлага болон хориглох зохицуулалт; 

3. Эргэлтэд орж байгаа бодис, түүний эргэлтэд бүрэн хяналт тавих үүднээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагаа эрхлэх бүхий л ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд ашиглах шаардлагатай байгууллагын жагсаалтыг ашиглах журмын хамт Засгийн газраас батлах, эдгээр хүрээнд эргэлтэд орж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний эргэлтийг бүртгэх, тайлагнах нэгдсэн механизмын зохицуулалт;

4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлах, эдгээр ургамлыг устгах арга хэмжээ, түүнд оролцох шаардлагатай төрийн байгууллагуудаас авах арга хэмжээ; 

5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих зорилгоор төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай арга хэмжээ, төрийн бодлогыг  хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын чиг үүрэг;

6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, зохицуулалт, түүнд оролцогч байгууллагуудаас авах арга хэмжээ, уялдаа холбоо болон Донтох эмгэгийг сэргээн засах төв болон орон нутаг дахь Донтох эмгэгийн сэргээн засах байгууллагын зохицуулалт;

7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалт;

8. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, түүний төрөл, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн санд оруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл оруулах, баталгаажуулах зохицуулалт; 

9. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг болно. 

Харин дагалдах хуулийн төсөл болох Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хар тамхи хэрэглэж мансуурсан үйлдэлд 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад хамруулах, донтолттой тохиолдолд албадан эмчилгээнд хамруулахаар, үүнтэй холбоотойгоор бусад зохицуулалтыг уялдуулан боловсруулж тусгасан байна. Тухайлбал, албадан сургалтын хугацааг нэг талаас олон улсын жишигт ойртуулж, нөгөө талаас баривчлагдсан хугацаатай уялдуулан тусгажээ. 

Дагалдах хуулийн төсөл болох Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийг дараах байдлаар задалж тусгасан: 

-хууль бусаар үйлдвэрлэх, худалдах, түгээх, экспортлох, импортлох зорилгоор захиалсан, олж авсан, худалдан авсан, дамжуулсан, зуучилсан; 
-хууль бусаар бусдад өгсөн, бусдад хэрэглэсэн, эсхүл бусдад хэрэглүүлсэн; 
-хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн, илгээсэн, хадгалсан; 
-хууль бусаар худалдсан;
-улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн; 
-хууль бусаар үйлдвэрлэсэн.

Мөн бодисын төрөл, хэмжээнээс хамааруулан дээрх үйлдлүүдийн ялыг хүндрүүлэхээр тусгасан байна. 

Түүнчлэн зөвшөөрөл эзэмшигч болон ашиглах эрх бүхий этгээд нь хууль, журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тарималжуулах үйлдлээс гадна хууль  бусаар түүх зэрэг үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохоор тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна:

1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхой болох, түүнийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдал хангагдана. 

2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.

3. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний эргэлтийг төрийн хяналтад авах механизм бүрдэнэ. 

4. Мансуурах донтолттой хүнд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бий болно.

6. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийн бааз болох мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.

7. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр эргэлтэд оруулж байгаа байгууллагуудын хүлээн авсан, зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалт зэргийг бүртгэлд оруулах, хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана.

8. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, үйлдлийн хор уршиг болон бусад обьектив талыг харгалзан гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг хийдэлгүй, илүү тодорхой ялгамжтай болж, ял шийтгэлийн бодлого чангарч, Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим” хангагдана.

9. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч, тэдгээрийг таслан зогсооход гол түлхэц болно гэж үзжээ.
    
Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст 2024 оны 5 дугаар сар, 2025 оны 9 дүгээр сар, 2026 оны 1 дүгээр сард тухай бүр байршуулан иргэд, олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж, хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 5 сарын 21-ний өдөр, 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус зохион байгуулсан байна.

Мөн хуулийн төслийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог Хууль зүйн үндэсний хүрээлэнд захиалан хуулийн төслийн сүүлийн хувилбараар шинэчлэн хийлгэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.