АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа талаар мэдэгдэв.
Түүний хэлснээр, Цагаан ордны Хууль зүйн зөвлөхийн алба холбогдох төрийн байгууллагуудтай хамтран сенатор Линдси Грэмийн ажлын албатай уг хуулийн төслийн нарийвчилсан заалтуудыг хэлэлцэж буй бөгөөд АНУ-ын Засаг захиргаанд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой хэсгүүдэд санал, зөвлөмж өгч байгаа аж. Мөн Рубио "АНУ-ын Ерөнхийлөгч энэ үйл явцыг дэмжиж, зөвшөөрлөө өгсөн" гэж онцолсон байна.
Тэрбээр "Одоогийн байдлаар хуулийн төслийн үг хэллэг, заалтуудыг эцэслэн тохиролцох ажил үргэлжилж, Оросын эсрэг хориг шахалтын бодлого хэвээр хадгалагдана" гэж мэдэгджээ. Сенатор Грэмийн хэлснээр энэхүү төсөл нь Конгрессын хоёр намын өргөн хүрээний дэмжлэг авч, батлагдах шат руугаа ойртсон байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн сарын дундуур Вашингтон Оросын газрын тос тээвэрлэж буй танкеруудтай холбоотой худалдааны үйл ажиллагааг зөвшөөрсөн лицензийн хугацааг хоёр дахь удаагаа сунгажээ. Ижил төрлийн ерөнхий лицензийг дөрөвдүгээр сард мөн олгож байсан бөгөөд анх гуравдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн байна.
АНУ-ын Сангийн яам энэхүү шийдвэрийг Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээлд үүсэж болзошгүй хомсдолоос сэргийлэх зорилготой гэж тайлбарлажээ. Ингэснээр тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан зах зээл дээр түлшний нийлүүлэлт огцом буурахаас урьдчилан сэргийлэхийг зорьсон аж.
АНУ, Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш дэлхийн олон оронд түлшний үнэ өсөх хандлага ажиглагдаж буй. Талууд хоёрдугаар сарын сүүлээс эхлэн харилцан цохилт өгсөөр буйн улмаас дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн чухал гарц болох Ормузын хоолой хаагдахад хүрсэн. Энэхүү хоолойгоор Арабын орнуудаас газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн томоохон хэмжээний нийлүүлэлт дамжин өнгөрдөг билээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI