Америкийн The Wall Street Journal (WSJ) сонинд мэдээлснээр, НҮБ (United Nations) төсвийнхөө 42 хувийг бүрдүүлдэг АНУ болон Хятадын төлбөр саатсаны улмаас санхүүгийн ноцтой хүндрэлд орж, “дампуурах" эрсдэлтэй тулжээ.
Гол өр төлбөрүүд
АНУ-ын өр: 4 тэрбум ам.доллараас давсан
Хятадын өр: 455 сая ам.доллар
Хятад улс 850 сая ам.доллар төлсөн ч үлдэгдэл өртэй хэвээр байна гэж мэдээлжээ.
Хятадын тал өөрийгөө НҮБ-ын “бодит гол санхүүжүүлэгч” гэж тодорхойлж, үүргээ биелүүлэхээ мэдэгдсэн байна.
АНУ ирээдүйн санхүүжилтээ НҮБ зардлаа бууруулахтай уялдуулахыг шаардаж байгаа аж. Үүнд ажилтны тоог цөөлөх, бизнес ангиллын нислэгийг багасгах, машин орчуулга ашиглах зэрэг хэмнэлтийн арга хэмжээнүүд багтжээ.
WSJ-ийн мэдээлснээр, Герман, Их Британи зэрэг орнууд хүмүүнлэгийн төсвөө багасгасан, Швед, Нидерланд улсуудад улс төрийн өөрчлөлт нөлөөлж, санхүүжилт нь буурсан аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өмнө нь "Байгууллага санхүүгийн “дампуурлын эрсдэл”-д орсон байж болзошгүй" гэж анхааруулсан байна. Мөн тайланд дурдсанаар, НҮБ-ын мөнгөн нөөц наймдугаар сарын дунд үе гэхэд дуусах эрсдэлтэй ажээ.
Санхүүгийн хямралын улмаас НҮБ зарим салбараа хааж, 3000 орчим ажлын байр цомхотгож, тайлбар орчуулгын ээлжийг багасган, зарим барилгын засвар, үйлчилгээг зогсоосноос гадна энхийг сахиулах ажиллагааны зардлыг бууруулж, зарим бүсээс цэргээ татах ажлыг шуурхайлах болсон байна.
НҮБ зээл авах боломжгүй, мөн дотоод бүтцийн өөрчлөлт хийх эрх хязгаарлагдмал тул зардлын 70 орчим хувийг бүрдүүлдэг цалинг бууруулах ч амаргүй нөхцөл үүссэн гэж WSJ онцолжээ.
Эх сурвалж: DW