АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай хийсэн утасны ярианы үеэр түүнийг “галзуу” хэмээн шүүмжилснээ хүлээн зөвшөөрч, Израилийн цэргийн ажиллагаа Ирантай хийх энхийн хэлэлцээг удаашруулж байгаад бухимдаж байснаа илэрхийлжээ.

Тэрбээр The New York Post-ын “Pod Force One” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Израиль Ливанд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Хезболла хөдөлгөөний эсрэг цохилтоо үргэлжлүүлж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах оролдлогод саад болж буйг онцолсон байна.

Гэвч Трамп Нетаньяхутай харилцаа сайн хэвээр байгаа гэж мэдэгдэж, түүнтэй дайны үеийн удирдагчид гэдэг утгаараа ойлголцдог хэмээн тайлбарлажээ. Трамп “Бид хамтдаа маш сайн ажилласан. Биби надад их таалагддаг. Түүнтэй маш сайн хамтарч ажилладаг” хэмээн ярьжээ.

Ираны асуудал Трампад улам их дарамт болж байна

Трампын засаг захиргаанд Ирантай холбоотой мөргөлдөөнийг шийдвэрлэх дарамт улам нэмэгдэж байгаа талаар ажиглагчид онцолж байна. Дайн үргэлжилсээр байгаа нь эрчим хүчний үнийг өсгөж, эдийн засгийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэн, ирэх завсрын сонгуулийн өмнө Бүгд Найрамдах намын байр сууринд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байгаа аж.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш олон улсын зуучлагчид гал зогсоох "эмзэг" хэлэлцээрийг урт хугацааны энхийн тохиролцоонд хүргэхээр ажиллаж байгаа ч Ливан дахь Израиль-Хезболлагийн мөргөлдөөн өргөжсөнөөр хэлэлцээ улам хүндэрсэн байна.

Ормузын хоолойн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна

Трамп Ирантай холбоотой хямрал хэзээ бүрэн шийдэгдэх талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзжээ. Тэрбээр дэлхийн нефть, байгалийн хийн тээвэрлэлтийн чухал гарц болох Ормузын хоолой хаалттай хэвээр үргэлжилж магадгүй ч нөхцөл байдал харьцангуй хурдан тогтворжино гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн аж.

Тэр “Би сайн мэдэхгүй байна. Хөдөлмөрийн баяр хүртэл хаалттай байж магадгүй. Гэхдээ тийм байх магадлал бага гэж бодож байна. Энэ асуудал харьцангуй хурдан шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж хэлжээ.

Трамп мөн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеи энхийн хэлэлцээнд тодорхой хэмжээнд оролцож буй талаар мэдэгдсэн байна.

Персийн булан дахь халдлагууд үргэлжилсээр

Энэ хооронд Персийн булангийн бүс нутагт нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байна. Лхагва гарагт Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Кувейтийн гол нисэх буудлын зорчигчдын терминалын барилгад цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Үүний дараа Кувейт улсын эрх баригчид нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Энэ нь Тегеран болон Вашингтоны хоорондын харилцан цохилтууд үргэлжилж байгааг харуулсан ээлжит тохиолдол болсон бөгөөд бүс нутгийн орнуудын аюулгүй байдалд шинэ сорилт авчирчээ.

Ливанд гал зогсоох хэлэлцээ үргэлжилж байна

Израиль болон Ливаны хооронд АНУ-ын зуучлалаар эхэлсэн хэлэлцээ Вашингтонд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч урт хугацааны гал зогсоох гэрээ байгуулагдах эсэх тодорхойгүй хэвээр байгаа аж.

Лхагва гарагт Бейрут хотын өмнөд хэсгийн ойролцоох Халдех дүүрэгт Израиль нэгэн автомашиныг онилон цохилт өгсөн байна. Халдлагын үеэр хүний амь үрэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Хэдхэн хоногийн өмнө талуудын хооронд байгуулсан тохиролцоогоор Израиль Бейрутын өмнөд захын дүүргүүдэд цохилт өгөхгүй, харин Хезболла Израилийн хойд хэсэг рүү довтлохоо зогсоохоор тохиролцжээ.

Гэсэн ч газар дээрх нөхцөл байдал эмзэг хэвээр, хоёр тал харилцан үл итгэлцсэн байдалтай байгаа аж.

Ливаны тал гал зогсоох гэрээг улс орон даяар өргөжүүлэхийг хүсэж байгаа бол Израиль эхлээд "Хезболла"-г бүрэн зэвсэггүй болгох ёстой гэсэн байр суурь баримталж буй юм байна.

Тир хотод байдал хурцдав

Өмнөд Ливаны Тир, Набатие хотууд орчимд Израилийн агаарын цохилтууд үргэлжилсээр байгаа аж. Тир хотын ойролцоох хоёр удаагийн шөнийн цохилтын улмаас дөрвөн сири, хоёр палестин иргэн амиа алдсан байна.

Израилийн тал Тир хотын христийн шашинтнууд олноор амьдардаг дүүргүүдэд "Хезболла"-гийн гишүүд нуугдаж байж болзошгүй гэсэн анхааруулга өгсний дараа Ливаны арми тус бүсэд нэмэлт хүч байршуулжээ.

Хохирол нэмэгдсээр байна

Сүүлийн мөргөлдөөнүүдийн улмаас Ливанд нийт 3468 хүн амь үрэгдэж, 1.2 сая орчим хүн дүрвэхээс өөр аргагүй болсон байна.

Израилийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, өмнөд Ливанд явагдсан ажиллагааны үеэр Израилийн 27 цэрэг болон нэг батлан хамгаалахын гэрээт ажилтан амь үрэгдсэн бол Израилийн хойд хэсэгт хоёр энгийн иргэн амиа алджээ.

Мөн "Хезболла"-гийн ашиглаж буй илрүүлэхэд хүндрэлтэй шилэн кабелийн удирдлагатай дронууд Израилийн армид томоохон хүндрэл учруулж байгаа аж. Тэдгээрийн эсрэг үр дүнтэй хамгаалалт боловсруулахад Израиль бэрхшээлтэй тулгарч байгаа талаар мэдээлжээ.

Бүс нутгийн нөхцөл байдал одоогийн байдлаар тогтворжоогүй хэвээр, Иран, Израиль, Ливан болон АНУ-ын оролцоотой энхийн хэлэлцээний үр дүн ойрын саруудад Ойрхи Дорнодын аюулгүй байдлын ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: AP