Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Улсын Их Хурлын гишүүдийн хамт Минск хот дахь Минскийн арьс ширний үйлдвэрлэлийн нэгдэлийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тус нэгдэл Беларусь улсын арьс шир боловсруулах салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч бөгөөд бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг Орос, Казахстан, Польш, Итали, Хятад улсын зах зээлд экспортолдог байна.
Нэг жилд үхрийн ширээр 500 сая дм² хүртэл боловсруулсан арьс, 200 сая дм² хүртэл хагас боловсруулсан арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, нийт 560 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна.

Мөн жил бүр зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ өнгө, загварын шийдэл боловсруулж, гутал, цүнх, арьсан бүтээгдэхүүн, тавилга, хувцасны үйлдвэрлэлд ашиглагдах төрөл бүрийн арьс боловсруулдаг ажээ.

Сайд Ц.Идэрбат үйлдвэрлэлийн дамжлага, түүхий эд боловсруулах технологитой биечлэн танилцсаны дараа тус нэгдлийн Ерөнхий захирал Ольга Сергеевна Политикотой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Тэрбээр "Монгол Улс арьс ширний тогтмол нөөцтэй. Зөвхөн хонины нэхийгээр тооцоход 10 сая хүртэл ширхэг түүхий эд нийлүүлэх боломжтой" гэж онцолжээ.

Мөн арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологи болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.




