УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын “Өглөөний уулзалт”-ын хүндэт зочноор оролцож, төрийн өмчит компаниудын засаглал, эрчим хүчний салбарын шинэчлэл, төрийн өмчийн бодлогын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр төрийн өмчит компаниудын тухай хуулийн төсөл засаглалын суурь асуудлыг шийдвэрлэх зорилготой боловч одоогийн байдлаар зарим чухал зохицуулалт хангалтгүй тусгагдсан гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Улс төрийн нөлөөлөл ТӨК-иудын гол бэрхшээл болжээ

УИХ-ын гишүн С.Цэнгүүний хэлснээр, төрийн өмчит компаниудын хамгийн том асуудал улс төрийн оролцоо, хариуцлагын сул тогтолцоо аж. Тэрбээр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг татан буулгах, бүтцийн шинэчлэл хийх механизм сул байгаагаас төрийн өмчит компаниуд зах зээлийн зарчмаар бус, хамгаалалттай орчинд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэж үзэж буй юм байна.

С.Цэнгүүн Компанийн тухай хуулиар гурван жил дараалан алдагдалтай ажилласан аж ахуйн нэгжүүд дампуурлын эрсдэлтэй нүүр тулдаг бол төрийн өмчит компаниудад энэ зарчим бодитоор үйлчилдэггүйг шүүмжиллээ.

Мөн тэрбээр төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хариуцлагын тогтолцоо хангалтгүй, удирдлагуудын үнэлгээ, сонгон шалгаруулалт, ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Нэг их наяд төгрөгийн ногдол ашиг ба улс төрийн шийдвэрүүд

С.Цэнгүүн төрийн өмчит компаниудыг улс төрийн зорилгоор ашигладаг жишээ цөөнгүй байгааг дурдсан юм. Тухайлбал, сонгуулийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг нэрээр иргэдэд 350 мянган төгрөг тарааж, нийтдээ нэг их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн нь улс төрийн шийдвэр байсан гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Мөн тэрбээр "Цар тахлын үед "Эрдэнэт үйлдвэр"-ээр дамжуулан цахилгааны төлбөрийг санхүүжүүлсэн зэрэг шийдвэрүүд нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг улс төрийн зорилготой хольж хутгасан жишээ болсон" гэж хэллээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн

 

53 мянган ажилтан, бүтээмжийн асуудал

С.Цэнгүүн гишүүн "Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудад 53 мянга орчим хүн ажиллаж байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлтэй харьцуулахад өндөр үзүүлэлт" гэж тэмдэглэлээ.

Аудитын байгууллагуудын дүгнэлтээр, олон төрийн өмчит компанид шаардлагагүй орон тоо бий болсон бөгөөд нийт дүнгээр нь авч үзвэл 20 мянга орчим хүнийг хувийн хэвшлийн хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэлэв.

Түүний байр суурь бол ажилтнуудыг ажилгүй болгох бус, харин илүү бүтээмжтэй салбаруудад ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэх аж.

80 их наяд төгрөгийн хөрөнгийг дахин үнэлэх шаардлагатай

Тэрбээр төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 80 их наяд төгрөгт дөхөж байгаа ч бодит үнэлгээ эргэлзээтэй байгааг онцоллоо.

Түүний хэлснээр, зарим компанийн агуулахад олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бараа материал олон жил ашиглагдахгүй хадгалагдаж, санхүүгийн тайланд хөрөнгө хэлбэрээр бүртгэгдсээр байдаг ч яг ашиглагдахаар нь цөөхөн аж. Иймээс тэр төрийн өмчийн хөрөнгийг бодитой үнэлж, дахин тооллого хийх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

10 аймгийн дулааны станцын төсөл яагаад бүтэлгүйтэв?

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний салбарын асуудлыг хөндөн ярихдаа БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 10 аймгийн дулааны станцын төслийг онцолсон юм.

Түүний тайлбарласнаар, тухайн үед төслийн эдийн засгийн үр ашиг, хүн амын төвлөрөл, эрчим хүчний бодит хэрэгцээг хангалттай тооцоогүй, зарим аймагт ийм төрлийн станц байгуулах шаардлага ч байгаагүй аж.

Улмаар төслийг хэрэгжүүлэгч тал санхүүгийн хүндрэлд орж, ажил зогссон ч гарсан зардлыг Монголын тал эцэст нь төлөхөөс өөр аргагүй нөхцөл үүссэн гэж үзэж буйгаа хэлэв.

Тэрбээр гадаадын тусламж, хөнгөлөлттэй санхүүжилтийн төслүүдийг ч шүүмжилж, “Үнэгүй зүйл хулганын хавханд л байдаг” хэмээн зүйрлэн, аливаа төслийн бодит хэрэгцээ, эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан нягтлах ёстойг онцоллоо.

Эрчим хүчний салбарын алдагдал хаанаас үүсэв?

С.Цэнгүүний үзэж буйгаар, өнөөдрийн эрчим хүчний салбарын хүндрэл 2000-аад оны эхэн үеийн бодлогын шийдвэрүүдтэй холбоотой аж.

Тэрбээр "2001 оны Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний компаниудыг төрийн өмчид үлдээх зохицуулалт орсноор салбарын шинэчлэл зогсонги байдалд орж, өрсөлдөөн болон хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан" гэж хэлсэн юм.

Үүний улмаас эрчим хүчний төрийн өмчит компаниуд олон жилийн турш алдагдалтай ажиллаж, төсвийн дэмжлэгээс хамааралтай болсон гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Түүний дурдсанаар, зарим төрийн өмчит компани нэг төгрөгийн орлого олохын тулд 17 төгрөгийн зардал гаргаж байгаа бөгөөд энэ үзүүлэлтийн 70 орчим хувь нь эрчим хүчний салбарт хамаарч буй аж.

 Алдагдалтай мөртлөө нийгмийн хариуцлагын зардал өндөр

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Төрийн өмчит компаниудын нэгэн зөрчилтэй үзэгдэл нь алдагдалтай ажиллаж байгаа хэрнээ нийгмийн хариуцлагын нэрээр өндөр зардал гаргадаг явдал" гэж хэллээ.

Тухайлбал, Багануур компани хэдэн зуун сая төгрөгийн мод тарих төсөл хэрэгжүүлсэн бол "Эгийн голын усан цахилгаан станц" ХХК жилд хэдэн тэрбум төгрөгийн нийгмийн хариуцлагын зардал гаргасан талаар аудитын мэдээлэлд дурджээ.

Түүний үзэж буйгаар, ийм төрлийн зарцуулалт үр ашиг, хяналтын асуудал дагуулж буй аж.

ТЭЦ-3-ын осол ба хариуцлагын асуудал

С.Цэнгүүн гишүүн 2025 онд ТЭЦ-3-д гарсан ослын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Ослын дараа салбарын удирдлагууд бодит хариуцлага хүлээгээгүй, асуудлыг шийдвэрлэх нэрээр Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь компанийн засаглалын тогтолцоог улам сулруулсан" гэв.

Мөн тэрбээр "Бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн зохицуулалт нь анх зах зээлийн шилжилтийн үеийн онцгой нөхцөлд зориулсан түр шинжтэй байсан ч өнөөдөр өргөн хэрэглээний механизм болсон нь хууль эрх зүйн гажуудал бий болгож байна" гэж хэллээ.

Эрчим хүчний шинэчлэлийг хойшлуулах эрхгүй

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ярианыхаа төгсгөлд Монгол Улс ойрын жилүүдэд эрчим хүч, нийгмийн даатгал болон төрийн өмчийн шинэчлэлүүдээ хийхгүй бол хүн амын бүтэц өөрчлөгдөж, хөдөлмөрийн нөөц буурсны дараа эдийн засгийн ачааллыг даахад хүндрэлтэй болохыг анхааруулсан юм.

Тэрбээр эрчим хүчний салбарт олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлж, зардал, алдагдлыг ил тод хэмждэг тогтолцоо бий болгох нь шинэчлэлийн чухал алхам болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.