АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт (2026.05.03) Truth Social сүлжээгээрээ дамжуулж "Ормузын хоолойд гацсан, саатсан хөлөг онгоцуудыг дагалдан гаргах ажиллагаанд АНУ оролцоно" гэж мэдэгджээ. Тэрбээр “Project Freedom” буюу “Эрх чөлөөний төсөл” нэртэй энэ ажиллагаа Ойрхи Дорнодын цагаар даваа гаргийн өглөө эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Трампын хэлснээр, эдгээр хөлөг онгоцууд нь Ойрхи Дорнодод болж буй үйл явдалд ямар ч хамааралгүй, төвийг сахисан орнуудынх аж. Тэр “Эдгээр нь одоо болж буй үйл явдалд огт оролцоогүй бүс нутгуудын хөлөг онгоцууд” гэж тодруулжээ.
Трамп мөн "Гуравдагч орнуудын хүсэлтийн дагуу энэхүү ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан" гэж тайлбарласан байна. Эдгээр орнууд Ормузын хоолойд түгжигдсэн хөлөг онгоцуудаа гаргахыг хүссэн аж.
Түүний хэлснээр, гацсан хөлөг онгоцууд нь “зүгээр л төвийг сахисан, гэм буруугүй ажиглагчид” бөгөөд “Эдгээр нь өөрсдөө ямар ч буруу зүйл хийгээгүй, нөхцөл байдлын золиос болсон улс орон, компаниуд, хүмүүс” юм гэжээ.
Трамп ажиллагаанд саад болохгүй байхыг анхаарууллаа
Дональд Трампын хэлснээр, энэ ажиллагаа нь АНУ, Ойрхи Дорнодын орнууд, тодруулбал Иранаас үзүүлэх “хүмүүнлэгийн дохио” байх аж. Тэрбээр “Хөлөг онгоцууд дээрх багийнхны шаардлагатай хүнс, эрүүл ахуйн хэрэгцээт зүйлс дуусаж байна” гэж онцолжээ.
Тэр “Энэ нь сүүлийн саруудад ширүүн тэмцэл өрнөсөн талуудын сайн санааг харуулах чухал алхам болно гэж би үзэж байна” гэж бичсэн байна. Түүний хэлснээр, гаргасан хөлөг онгоцууд тухайн бүс нутаг аюулгүй болж байж л Ормузын хоолойд буцаж оррх аж.
Мөн Трамп “Хэрэв энэ хүмүүнлэг ажиллагаанд ямар нэгэн саад учруулбал, харамсалтай нь хүч хэрэглэн шийдвэрлэх болно” гэж анхааруулжээ.
Ираны талын байр суурь
Трампын мэдэгдлийг үл харгалзан Ираны өндөр албан тушаалтан АНУ-ын оролцоог эрс эсэргүүцсэн байна. Ираны парламентын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Эбрахим Азизи даваа гарагт X сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Ормузын хоолойн далайн тээврийн шинэ дүрэмд АНУ оролцох аливаа оролдлогыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж үзнэ” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: DW
М.МИЛЕНА