Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Украинд зэвсэг нийлүүлэх болон тус улсад хэрэгжиж болзошгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцох төлөвлөгөө байхгүй талаар дахин мэдэгджээ. Тэрбээр зургадугаар сарын 2-нд Берлин хотноо Германы Канцлер Фридрих Мерцийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн Мадьяр Украиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлэх асуудлыг Киев Закарпатье муж дахь унгар үндэстний цөөнхийн эрхийг бүрэн хангах хүртэл дэмжихгүйгээ онцолжээ.
Киевтэй санал зөрөлдөөнөө ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж найдаж байна
Гэвч Унгарын Ерөнхий сайд хоёр улсын хооронд үүсээд буй үндэсний цөөнхийн асуудлаар ойрын хугацаанд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэр “Техникийн хэлэлцээг энэ долоо хоногт багтаан дуусгана гэж найдаж байна” хэмээн хэлжээ.
Мадьяр хэрэв тохиролцоо амжилттай болвол ирэх долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, “Унгар-Украины харилцааны шинэ хуудсыг нээхэд” бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн "Унгар улс Европ дахь “шударга бөгөөд найдвартай түнш” байх болно" гэж амалжээ.
Тэр “Бид бүх асуудал дээр ижил байр суурьтай байх албагүй. Гэхдээ зөвхөн зарчмын үүднээс хориг тавихгүй” хэмээн онцолж, хэлэлцээ хийх замаар үр дүнд хүрнэ гэдэгт итгэдгээ илэрхийлсэн байна.
Мерц: Унгарыг Европын зүрхэнд эргэн ирэхийг дэмжинэ
Германы Канцлер Фридрих Мерц Берлинд айлчилж буй Петер Мадьярыг хүлээн авах үеэрээ Унгарыг “Европын зүрхэнд эргэн ирэх” үйл явцад бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Тэрбээр Унгарт болсон парламентын сонгуулиар Мадьярын баруун төвийн чиглэлийн “Тиса” нам ялалт байгуулж, эрх мэдлийн өөрчлөлт авчирсныг “Европ даяар урам зориг өгсөн үйл явдал” хэмээн үнэлсэн байна.
Мерцийн хэлснээр, Петер Мадьяр улс төрийн чиг хандлага зөвхөн либерал бус, авторитар чиглэл рүү хэлбийдэггүйг харуулж чаджээ. Германы Канцлер “Улс төрийн савлуур эсрэг чиглэлд ч хүчтэй савлаж, төв рүүгээ эргэн ирж болдгийг тэр нотолсон” хэмээн онцолсон байна.
Орбаны бодлогоос эрс өөрчлөлт хийжээ
Петер Мадьяраас өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Виктор Орбан олон жилийн турш Европын Холбооны чухал шийдвэрүүдэд хориг тавьсаар ирсэн. Тухайлбал, 2026 оны эхний саруудад тэрбээр Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг батлахыг эсэргүүцэж байв. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулиар Мадьярын тэргүүлсэн “Тиса” нам нийт сонгогчдын гуравны хоёрын дэмжлэгийг авч үнэмлэхүй ялалт байгуулсан.
Эрх мэдэлтэй болсныхоо дараа Мадьяр Унгарын гадаад бодлогод системийн өөрчлөлт хийхээ зарлаж, Украинд олгох санхүүгийн дэмжлэгийг чөлөөлөхийн зэрэгцээ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг дэмжсэн билээ. Ингэснээр Унгарын шинэ засгийн газар өмнөх удирдлагын бодлогоос тодорхой хэмжээнд зай барьж, Европын Холбооны нэгдсэн байр суурьтай илүү ойртох хандлага ажиглагдаж байгаа аж.
Эх сурвалж: DW