ОХУ Украин руу чиглэсэн пуужингийн довтолгоогоо эрчимжүүлж, гол цохилтоо дахин нийслэл Киев хотод төвлөрүүлжээ. Киевээс гадна Оросын арми баллистик пуужингаар Днепр, Харьков, Запорожье хотууд болон Полтава мужийг онилон, цохилт өгсөн байна.
Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнатын мэдээлснээр, энэ удаагийн довтолгоонд урьд өмнө нэгэн зэрэг ашиглагдаж байгаагүй олон тооны баллистик пуужин хэрэглэжээ. Тэрбээр “Энэ нь нэг удаагийн довтолгооны үеэр ашигласан ийм төрлийн пуужингийн хамгийн өндөр тоо байж магадгүй. Тухайлбал, ‘Циркон’ төрлийн пуужингуудыг хойд болон өмнөд чиглэлээс харвасан” гэж мэдэгдсэн байна.
Киевт зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ
Киев хотын Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, довтолгооны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсаны дотор гурван хүүхэд байгаа аж. Мөн нийслэлийн арван дүүргийн наймд нь барилга байгууламж эвдэрч сүйдэж, гал түймэр гарсан зэрэг ноцтой хохирол учирсан байна.

Метронд хоргодсон хүний тоо дээд хэмжээнд хүрэв
Пуужин болон дроны довтолгооны үеэр Киевийн оршин суугчид метроны буудлуудад хоргоджээ. Хотын метроны газрын мэдээлснээр, агаарын түгшүүрийн үеэр метроны буудлуудад 41 мянга гаруй хүн байснаас 4500 орчим нь хүүхэд байжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд шөнийн агаарын түгшүүрийн үеэр метроны хоргодох байранд байрласан иргэдийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Зеленский: Украинд нэмэлт Patriot пуужин шаардлагатай
Довтолгооны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европ тив өөрийн гэсэн баллистик пуужингийн эсрэг хамгаалалтын системтэй болох шаардлагатайг онцолж, Украинд АНУ-аас Patriot системийн пуужингийн нэмэлт нийлүүлэлт хэрэгтэй байгаа талаар мэдэгджээ.
Тэрбээр “Энэ бол маш том хэмжээний довтолгоо бөгөөд Оросоос өгч буй ил тод дохио юм. Хэрэв Украин баллистик болон бусад төрлийн пуужингийн довтолгооноос хамгаалагдахгүй бол ийм халдлага үргэлжилсээр байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Европын холбооны Элчин сайд: Украиныг сөхрүүлэх боломжгүй
Энэхүү томоохон довтолгооноос өмнө Кремль Киевт “системтэй, дараалсан цохилт” өгнө гэж анхааруулж, гадаадын дипломат төлөөлөгчдийг нийслэл хотоос гарахыг уриалж байжээ. Гэсэн ч Украины нийгэм болон дипломат корпус эдгээр сүрдүүлэгт автаагүй байна.
Европын Холбооноос Украинд суугаа Элчин сайд Катарина Матернова халдлагын дараа “Украиныг сөхрүүлэх боломжгүй. Яг одоо ч боломжгүй. Европын Холбоо Украинд батлан хамгаалах болон төсвийн чиглэлээр 90 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлээд байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн Орос улс дайныг үргэлжлүүлэхийн тулд үлдсэн бүх нөөц боломжоо шавхан ашиглаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн аж.
Шинжээчид: Гол зорилго нь сэтгэлзүйн дарамт үзүүлэх
Цэргийн шинжээч, “Реактив шуудан” буяны байгууллагын үүсгэн байгуулагч Павел Нарожный ойрын саруудад ижил төрлийн довтолгоо дахин үргэлжилж болзошгүй гэж үзэж юм байна. Түүний хэлснээр, эдгээр халдлагын гол зорилго нь цэргийн үр дүн гаргах бус, харин Украины нийгэмд сэтгэлзүйн дарамт үзүүлэх явдал аж.
Тэр “Өвлийн улиралд тэд украинуудыг дулаан, цахилгаангүй үлдээхийг оролдсон. Харин одоо орон сууцны хороолол, эмнэлэг зэрэг иргэний объектуудыг онилж байна. Зорилго нь нийгмийн тэсвэр хатуужлыг сулруулах боловч одоогийн байдлаар тэдний хүссэн үр дүн гараагүй” гэж хэлжээ.
Түүнчлэн ийм төрлийн пуужингийн довтолгоо фронтын нөхцөл байдлыг мэдэгдэхүйц өөрчилж чадахгүй гэж үзэж буй юм байна.

Кремль дайныг үргэлжлүүлэх шинэ тайлбар хайж байна уу?
Оросын албаныхан өргөн хүрээтэй довтолгоогоо Украины Зэвсэгт хүчний эзлэгдсэн Старобельск хот дахь сургалтын байгууламжид өгсөн цохилттой холбон тайлбарлажээ. Оросын талын мэдээллээр, уг халдлагын улмаас 21 хүн амь үрэгдсэн байна.
“Деловая столица” шинжилгээний төвийн тэргүүн Вадим Денисенко "Кремль дайныг үргэлжлүүлэх шинэ шалтгаан, мэдээллийн суурь бүрдүүлэхийг оролдож байна" гэж үзэж буйгаа хэлжээ.
Түүний хэлснээр, 2025 онд Дональд Трампын хүчин чармайлтаар энхийн хэлэлцээр хурдан байгуулагдана гэсэн хүлээлт Оросын нийгэмд байсан ч одоо олон хүн дайн Владимир Путин эрх барьж байгаа цагт үргэлжилнэ гэсэн ойлголттой болжээ.
Денисенкогийн үзэж буйгаар, Кремлийн өмнө энхийн тохиролцоонд хүрэх, эсвэл мөргөлдөөнийг улам хурцатгах гэсэн хоёр сонголт байгаа бөгөөд Оросын удирдлага хоёр дахь хувилбарт илүү анхаарч байгаа бололтой. Тэрбээр ойрын долоо хоногуудад Украин дахин томоохон пуужингийн болон дроны довтолгоонд өртөх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: DW