Украины дронууд зургадугаар сарын 3-ны лхагва гарагт шилжих шөнө ОХУ-ын Ленинград мужид өргөн хүрээг хамарсан халдлага үйлдсэн талаар мэдээлжээ. Энэхүү халдлага нь Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум (ПОУЭЗФ) эхлэхээс хэдхэн цагийн өмнө болсон байна.
Ленинград мужийн захирагч Александр Дрозденко Telegram хуудсааараа дамжуулан "Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн мужийн нутаг дэвсгэр дээр нисэж байсан 30 нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан" гэж мэдээлжээ.
Тэр “Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Ленинград мужийн нутаг дэвсгэр дээр 30 дрон сөнөөсөн. Байлдааны ажиллагаа үргэлжилж байна” хэмээн бичсэн байна. Гэвч дронуудыг яг аль бүс нутагт устгасан талаар тодорхой мэдээлээгүй аж.
Халдлагын улмаас Санкт-Петербург хотын Пулково олон улсын нисэх буудалд нислэг хүлээн авах болон хөөргөхө чиглэлээр түр хугацааны хязгаарлалт тогтоожээ. Украины тал уг халдлагын талаар одоогийн байдлаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
ПОУЭЗФ-ийн албан ёсны хөтөлбөрөөс үзвэл форумын эхний арга хэмжээнүүд лхагва гаргийн өглөөний 10:00 цагаас эхлэхээр төлөвлөгдсөн байна. Чуулган Санкт-Петербург хотын өмнөд хэсэгт байрлах “Экспофорум” үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ нь Ленинград мужийн хил болон Пулково нисэх буудлын ойролцоо оршдог.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин форумын нэгдсэн хуралдаанд зургадугаар сарын 5-нд оролцон үг хэлэх юм байна. Мөн форумд Германы төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа аж.
Зеленский шинэ цохилтын талаар анхааруулжээ
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын арми зургадугаар сарын 3-нд шилжих шөнө Украины хотууд руу дахин томоохон цохилт өгч болзошгүй талаар анхааруулсан байна.
Өмнөх шөнө болсон Оросын халдлагын улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Хамгийн их хохирол, сүйрэл Киев болон Днепр хотуудад бүртгэгдсэн байна.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, зургадугаар сарын 3-нд шилжих шөнө Украины агаарын орон зайд Оросын зарим дрон илэрсэн ч одоогийн байдлаар өргөн хүрээний халдлага болсон талаар мэдээлэл гараагүй байна.
Эх сурвалж: DW