Дэлхийн хамгийн нөлөө бүхий далайн тээврийн компаниудын удирдлагууд энэ долоо хоногт Афинд болж буй олон улсын далайн тээврийн үзэсгэлэнд оролцож буй бөгөөд тэдний ярианы хамгийн халуун сэдэв Ормузын хоолой байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ стратегийн чухал гарцыг удахгүй дахин нээх боломжтой гэж мэдэгдсэн бол засаг захиргааны албаныхан ч усан онгоцууд тус бүс нутгаар дахин нэвтэрч эхэлж байгааг онцолж буй юм.

Гэсэн хэдий ч ихэнх тээврийн компаниуд АНУ болон Ираны талууд аюулгүйгээр нээлттэй зорчих нөхцөлийг бүрэн баталгаажуулсан тодорхой энхийн гэрээ байгуулах хүртэл ачаа тээврийн хөлөг онгоцуудаа 21 милийн өргөнтэй энэ нарийн хоолойгоор явуулахгүй байх байр суурьтай хэвээр байна.

Ормузын хоолойн хаалт нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 хувийг олон улсын зах зээлээс тасалдуулж буй. Үүнд шингэрүүлсэн байгалийн хий болон бордооны тээвэрлэлтийн урсгал ч мөн хамаарч, дэлхийн эдийн засгийн хэвийн ажиллагаанд хүчтэй нөлөөлж байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт хэлэлцээр хийх найдлагаар газрын тосны үнэ түр буурсан ч амралтын өдрүүдээр бүс нутагт дахин мөргөлдөөн ширүүсч, Иран энхийн яриа хэлэлцээг зогсоосон тухай мэдээлэл гарсны дараа нефтийн фьючерсийн үнэ дахин огцом өсөв.

Кплер (Kpler) судалгааны байгууллагын мэдээлснээр, баасан гарагт энэ хоолойгоор ердөө долоон хөлөг онгоц нэвтэрсний тав нь орж, хоёр нь гарсан бол амралтын өдрүүдэд нэмж дөрвөн хөлөг гарсан байна. Ер нь өдөрт дунджаар 100 орчим ачаа тээврийн усан онгоц энэ гарцаар зорчдог гэж “Lloyd’s List” мэдээлжээ.

Кплерийн түүхий эдийн судалгааны захирал Мэтт Смит хэлэхдээ “Хөдөлгөөн маш ихээр буурсан хэвээр байна. Өдөрт цөөн хэдэн танкер л нэвтэрч байгаа тул энэ хоолой бодитоор бараг хаалттай байдалтай байна” гэжээ.

Одоогийн урсгал хэвийн хэмжээнээс хэд дахин бага байгаа тул энэ байдал дэлхийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээгүй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Лос-Анжелесийн боомтын гүйцэтгэх захирал, өмнө нь Ойрхи Дорнодод ажиллаж байсан Жен Серока “Хэдхэн амжилттай нэвтрэлт хангалтгүй. Тээвэрлэлтийн итгэл сэргэхийн тулд урт хугацааны аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй” гэж CNN-д ярьжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын цэрэг арми “Project Freedom” нэртэйгээр арилжааны хөлөг онгоцуудыг дагуулан гаргах оролдлого хийсэн ч энэ нь богино хугацаанд зогссон байна. Сүүлийн өдрүүдэд шинэ хамгаалалтын хөлөг онгоцууд дагалдан явж байгаа тухай мэдээлэл гарсан ч АНУ-ын Төв командлал үүнийг батлаагүй аж.

Төв командлалын төлөөлөгч ахмад Тим Хокинс “АНУ-ын цэргүүд шууд дагалдан хамгаалах ажиллагаа явуулаагүй ч бид хөлөг онгоцуудтай байнгын харилцаа холбоотой байж зохицуулалт хийж байна” гэж мэдэгджээ.

Салбарын эх сурвалжуудын хэлж байгаагаар, аюулын түвшин өндөр хэвээр байгаа тул хангалттай баталгаа гарах хүртэл хэвийн тээвэрлэлтийг сэргээх боломжгүй гэж үзэж буй аж.

Мөн Персийн буланд явж байсан нэг ачааны хөлөг үл мэдэгдэх пуужингийн цохилтод өртсөн тухай мэдээлэл гарчээ. Олон улсын далайн байгууллага "Мөргөлдөөн эхэлснээс хойш нийт 39 хөлөг онгоц халдлагад өртөж, 11 хүн амь үрэгдсэн" гэж мэдээлжээ.

Ихэвчлэн Персийн булангийн орнуудад хүнс болон бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг контейнер хөлгүүд ч Ормузын хоолойд түгжигдсэн байна. Дэлхийн хамгийн том контейнер тээврийн компаниудын нэг болох Maersk тавдугаар сарын дунд үеэс хойш тус бүсээс нэг ч хөлөг гаргаагүй, одоогийн байдлаар зургаан хөлөг Персийн буланд гацсан хэвээр байгаа аж.

Салбарын эх сурвалжууд хоолой дахин нээгдсэний дараа ямар нэгэн хязгаарлалт, нэмэлт төлбөр ногдуулахгүй байх нь маш чухал гэж үзэж байна.

Олон улсын далайн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес Грекийн чуулганы үеэр “Далайн тээвэр геополитикийн дарамтад орж байгаа энэ үед далайчдын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой. Чөлөөтэй зорчих зарчмыг хамгаалж, ялгавартай татвар, төлбөрөөс татгалзахыг уриалж байна” гэжээ.

Энэхүү саатлаас шалтгаалан дэлхийн бусад бүс нутгийн тээврийн тарифууд хэдийнэ огцом өссөн байна. Грекийн Heidmar компанийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд орлого нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 200 гаруй хувиар өссөн нь тээврийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа аж.

Chevron компанийн гүйцэтгэх захирал Майк Вирт “Итгэл сэргээхэд цаг хугацаа хэрэгтэй. Шинэ хөлөг онгоцууд дахин эрсдэлтэй бүс рүү орохоос өмнө эзэмшигчид нь аюулгүй байдлын баталгаанд эргэлзэхгүй байх ёстой. Нөөцийг сэргээх, эвдрэлийг засах нь нэг өдөрт шийдчих зүйл биш” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN