Оросын зэвсэгт хүчин зургаадугаар сарын 2-нд шилжих шөнө Украин даяар өргөн цар хүрээтэй агаарын довтолгоо хийж, дор хаяж 17 хүний аминд хүрч, 100 гаруй хүнийг шархдуулсан талаар Украины эрх баригчид мэдээлжээ. Энэхүү халдлага нь Орос-Украины дайны эхлэснээс хойших хамгийн том хэмжээний цохилтуудын нэгд тооцогдож байна.

Украины Зэвсэгт хүчний Агаарын хүчний мэдээлснээр, нийт 729 төрлийн агаарын довтолгооны хэрэгсэл ашигласан бөгөөд үүнд 73 пуужин, 656 нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) багтжээ. Оросын тал "Циркон", "Искандер-М", Х-101, "Калибр" зэрэг өндөр нарийвчлалтай пуужингууд болон "Shahed" төрлийн цохилтын дронууд ашигласан байна.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин нийт 642 байг устгасан гэж мэдээлсэн ч олон арван пуужин, дрон байндаа хүрч, улс орны хэд хэдэн бүс нутагт эвдрэл сүйрэл дагуулжээ.

Киевт зургаа, Днепрт 11 хүн амиа алджээ

Хамгийн их хохирол амссан хотуудын нэг болох Киевт зургаан хүн амиа алдаж, 64 хүн шархадсан байна. Шархадсан иргэдийн дунд гурван хүүхэд буй бөгөөд олон хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар нийслэлийн удирдлагууд мэдээлжээ.

Пуужингийн болон дроны довтолгооны улмаас хотын хэд хэдэн дүүрэгт орон сууцны барилгууд шатаж, зарим хэсэг нь нурсан байна. Мөн цахилгаан хангамж хэсэгчлэн тасалджээ.

Днепр хотод болсон халдлагын улмаас 11 хүн амь үрэгдсэний дотор 73 настай эмэгтэй, найман настай хүүхэд байсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн аж. Аврагчид нурсан барилгын нуранги доороос иргэдийн цогцсыг гарган авчээ.

Харьков болон бусад бүс нутгууд мөн цохилтод өртөв

Харьков хотод болсон довтолгооны улмаас 15 хүн шархадсаны дотор 11 настай охин байжээ. Мөн Запорожье, Сумы мужуудад орон сууцны барилга байгууламжууд эвдэрч сүйдсэн талаар мэдээлсэн байна.

Запорожье мужид дор хаяж гурван хүн гэмтэж бэртсэн бол Сумы мужид урьдчилсан байдлаар хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.

Путин, Зеленский нарын мэдэгдлийн дараах халдлага

Халдлага болохын өмнөх өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин Оросын талын хяналтад байгаа Луганск мужийн Старобельск хотод хийсэн цохилтыг дурдаж, дайны нөхцөл байдал "шинэ шатанд  гарлаа" хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улс ойрын хугацаанд дахин томоохон хэмжээний агаарын цохилт өгч болзошгүй талаар анхааруулж байв.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү халдлага нь сүүлийн саруудад эрчимжиж буй харилцан цохилтын нэг хэсэг бөгөөд дайны нөхцөл байдал улам хурцадмал хэвээр байгааг харуулж буй аж.

Украины эрх баригчид одоогийн байдлаар хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, амь үрэгдэгсэд, шархадсан иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа юм байна.

Эх сурвалж: DW