ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ойрхи Дорнодын хямралын улмаас газрын тосны үнэ "гаарч" байна. Хэрвээ Киев ОХУ-ын нефть экспортын дэд бүтцэд цохилт өгвөл үнэ улам нэмэгдэх боломжтой" гэж анхааруулжээ.
Тэрбээр “Вести” сувгийн сэтгүүлч Павел Зарубинд ярилцлага өгөхдөө "Ойрхи Дорнодын нөхцөл байдал, ялангуяа Ормузын хоолой орчим дахь хямралаас шалтгаалан зах зээл дээр нефть хэдийнэ дутагдалтай байна" гэж онцолсон байна.
Мөн Дмитрий Песков "Хэрэв Оросын нефть зах зээлээс нэмэлт хэмжээгээр хасагдвал одоогийнхоос ч илүү огцом өсөлт гарч, нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллароос давж болзошгүй" гэж мэдэгджээ.
Тэр “Ингэснээр бага хэмжээний нефть экспортолсон ч компаниуд илүү их ашиг олж, улмаар төрийн орлого ч нэмэгдэнэ. Тиймээс энэ тал дээр бидний ашиг сонирхол хангагдана. Гэхдээ хамгийн гол нь Киевийн дэглэмийн ийм төрлийн ‘террорист халдлага’-ын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах шаардлагатай” гэж Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Эх сурвалж: TASS