Зургадугаар сарын 1-ний даваа гарагт шилжих шөнө Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд (дрон)-ийн довтолгооны улмаас Украины Одесса, Харьков хотуудад олон давхар орон сууцны барилгууд эвдэрч, арав гаруй хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Одесса мужийн цэргийн захиргааны дарга Сергей Лысакийн мэдээлснээр, Оросын нэгэн дрон есөн давхар орон сууцанд тусаж, барилгын нэг болон хоёрдугаар давхар хэсэгчлэн нурж, гал түймэр гарсан байна. Мөн барилгын гадна фасад болон тагтууд эвдэрснээс гадна хоёр давхар үйлчилгээний зориулалттай барилга болон нэг давхар хоёр барилгад гал гарчээ.
Лысак "Шөнийн довтолгооны улмаас Одессад нийт долоон хүн гэмтэж, тэдний нэг нь эмнэлэгт хүргэгдсэн" гэж мэдэгдсэн аж. Харин Запорожье мужид нэг хүн шархадсан талаар тус мужийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Харьковт дөрвөн хүн шархаджээ
Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубовын мэдээлснээр, шөнийн довтолгооны улмаас таван давхар орон сууц, хэд хэдэн өндөр барилга, гараж болон автомашин эвдэрч, гал түймэр гарсан байна.
Харьков хотын дарга Игорь Тереховын хэлснээр, хотын өөр хоёр дүүрэгт цохилт өгч, дор хаяж гурван хувийн сууц гэмтжээ. Түүнчлэн Харьков мужийн Богодухов хотод дроны цохилт өгсөн байна.
Эдгээр халдлагын улмаас бүс нутагт нийт дөрвөн хүн гэмтсэний дотор Харьковын 34 настай эмэгтэй, Богодухов хотын 39 настай эмэгтэй тус тус багтаж байгаа аж.
Херсонд нэг хүн амиа алдаж, Черниговт найман хүн шархаджээ
Херсон мужид Оросын дроны довтолгооны улмаас 62 настай эрэгтэй амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Мөн орон сууцны барилга их бууны галд өртсөний улмаас дор хаяж хоёр хүн шархаджээ.
Украины хойд хэсгийн Чернигов хотод эрчим хүчний дэд бүтцэд өгсөн цохилтын улмаас найман хүн бэртсэн тухай Украины Онцгой байдлын алба мэдээлсэн байна. Шархадсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, уг халдлагын дараа ойролцоогоор 10 мянган хэрэглэгч цахилгаангүй болсон байна.
Украин руу 265 дрон харваж, 228-ыг нь устгажээ
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, зургадугаар сарын 1-ний шөнө Оросын арми Украины хэд хэдэн бүс нутагт ээлжит томоохон хэмжээний дроны довтолгоо хийжээ.
Оросын тал Орёл, Брянск, Курск, Миллерово, Приморско-Ахтарск болон хууль бусаар нэгтгэсэн Крымийн Гвардейское суурингаас нийт 265 ширхэг “Shahed”, “Гербера”, “Италмас” төрлийн цохилтын дрон болон “Пародия” төрлийн хуурамч бай дрон хөөргөсөн байна.
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд 228 дроныг устгаж, довтолгоог няцаасан гэж мэдэгджээ. Украины тал "27 цохилтын дрон 18 байршилд туссан бөгөөд устгагдсан дронуудын үлдэгдэл 12 өөр газарт унасан байна" гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW